УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу нээлттэй сонсгол явуулах санал гаргасан. Томилгооны нээлттэй сонсгол явуулах түүний саналыг УИХ-ын 21 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан юм. Улмаар ажлын хэсэг байгуулж нээлттэй сонсгол явуулах эсэхийг хэлэлцэхээр болсон. Нээлттэй сонсгол явуулахаар болсон тохиолдолд тус ажлыг хэсэг хугацааг нь товлох юм. О.Содбилэг гишүүний ахалж буй энэхүү ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хуралдахаар төлөвлөсөн боловч ирц нь бүрдээгүй. Харин өнөөдөр ирц нь бүрэлдэж хуралдах бололтой.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр өөрийн цахим хуудсандаа “Маргааш нээлттэй сонсгол зохион байгуулах ажлын хэсэг хуралдана. Гишүүдийн ирц энэ долоо хоногт бүрдэж байх шиг байна” гэсэн юм. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны хурал тарсны дараа дээрх ажлын хэсэг хуралдахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Eagle.mn