Европ тивд цар тахлын халдварын тархалт буурч байна

Европын улс орнуудад коронавирусний халдварын илэрсэн шинэ тохилдлын тоо буурч байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт тус тивд бүртгэгдсэн тооноос үзэхэд, сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан гэж ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан хэлтсээс мэдээлсэн байна.

Судалгаагаар өнгөрсөн 7 хоногт Европын орнуудад эмнэлэгт хүргэгдсэн өвчтөн болон нас барсан тохиолдлын тоо аажмаар буурсан байна. Европын бүсэд "Ковид-19" цар тахлын эсрэг вакцинжуулах үйл явц жигд бус байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар тус бүс нутгийн нийт хүн амын долоон хувийг бүрэн вакцинжуулсан байна.

Вакцинжуулалтын явц удаан, улс орнуудад ялгаатай түвшинд байгаа ч вакцинжуулалт цар тахлын халдварын тархалт буурахад эерэгээр нөлөөлж байна.

Гэхдээ зарим орнуудад цар тахлын халдварын тархалт өндөр байгаа учраас халдвараас сэргийлэх арга хэмжээг сулруулах болоогүй гэж эрх баригчид нь онцолж байна. Унгар улс гэхэд хүн амынхаа 35 хувийг вакцинд хамруулж Европын холбооны хүрээндээ вакцинжуулалтын хурдаар хоёрдугаарт бичигдэж байна.

Тус улс вакцинжуулалтын явц сайн байгаадаа тулгуурлан хөл хорионы дэглэмээ сулруулж байна. Португальд цар тахлын тархалт буурч байгаатай холбогдуулан онц байдлын дэглэмээ цуцалж байна.

Франц улс вакцинжуулалтынхаа хурдыг нэмж, хөл хориог үе шаттай сулруулах бодлого барьж байна. Одоогоор Европын холбооны эрх баригчид вакцины нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодлого барьж байгаа ч төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй байна. Учир нь олон улсын биотехнологийн компаниуд гэрээнийхээ дагуу вакцин нийлүүлэхийг эрмэлзэж байгаа хэдий ч бодит байдал зээр вакцины түүхий эд, үйлдвэрлэлийн хүчин чадал гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж байгаагаа тайлбарлаж байна.

Эх сурвалж: Moнголын мэдээ