Харүмафүжид шийтгэл хүлээлгэхгүй гэжээ

Мэргэжлийн сүмо­гийн 70 дахь авар­га Харүмафүжи Д.Бямба­дорж зодог тайлахаар шийдсэнээ өнгөрсөн долоо хоногт зарласан. Яагаад ийм шийдэл гаргах болов гэдгээ аварга хэлэхдээ:

-Би архи ууж агсам тавьж хүн гэмтээгээд байдаг нэгэн биш ээ. Дүү нараа зөв сайхан яваасай, сайн барилдаасай гэсэндээ залж залруулах гэж яваад иймд хүрлээ. Аварга хүн ийм байх ёстой гэдгийг ухаарсаны үндсэн дээр би зодог тайлахаар багштайгаа зөвлөж ийм шийдвэр гаргасан юм шүү гэж хэвлэлийн бага хурал дээр онцолсон юм.

Ер нь бол Таканоива Баасандоржийн толгойг архины шилээр хага цохьсон гэсэн хэргийн улмаас бүтэн сар шахам сүмогийн ертөнц даяар шуугиан болж Харүмафүжид олон талын дарамт ирсэн учраас зодог тайлахаас аргагүй байдалд хүрсэн нь мэдээж юм. Сүмод 16 настайгаасаа эхлэн орж бүтэн 17 жил зүтгэхдээ есөн башёгийн түрүү авч ёкозүна хэмээх сүмогийн дээд цолд хүрсэн түүний хувьд зодог тайлна гэдэг амаргүй байсан байх. Гэхдээ тэр эр хүний хатан зоригоор шийдвэрээ гаргаж чадсан. Тэр нь ч зөвдсөн шиг байгаа юм. Хэдийгээр тэр хэрүүл зодооны хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаагүй байгаа ч Японы сүмо бөхийн холбоо аваргад ямар нэг давхар шийтгэл оноохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ Харүмафүжи хэдийгээр хэрэг үйлдсэн ч гэлээ гэм буруугаа шударгаар хүлээж япончуудаас гүнээ уучлал хүссэн, өөрөө зодог тайлах шийдвэр гаргаж тамирчны замналаа өндөрлөхөөр болсон нь том шийтгэл. Иймээс дахин шийтгэж, нөхцөл байдлыг дордуулах шаардлагагүй гэжээ. Харүмафүжи аваргын тухай асуудал ийм л өрнөлтэй байна. Цаашдаа Таканоива болон түүний талыг баримтлагчид гомдолтой гэж новшрохгүй бол тэр хуулийн хариуцлага хүлээхгүй байх ч боломж­той харагдаж байгаа ажээ.

Эх сурвалж: Erennews.mn