О.Ууганбаатар “Бага ДАШТ”-д түрүүллээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангилалд багтдаг Токиогийн нээлттэй тэмцээн болсон юм. Тус тэмцээнд өчигдөр 81 кг-ын жинд барилдсан манай хоёр бөх хоёул медаль хүртжээ. Абу Дабигийн их дуулга тэмцээний мөнгөн медальт ОУХМ О.Ууганбаатар Токиогийн дэвжээнд одтой барилдаж, алтан медаль хүртлээ.

Тэрбээр ийнхүү “Бага ДАШТ” гэгддэг Токиогийн их дуулга тэмцээнд түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч боллоо. Уг тэмцээнд өмнө нь эмэгтэйчүүдээс МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртэж байсан юм. Манай бөх аваргалах замдаа БНСУ-ын Ли Сунсу, Румыны Влад Висан нарыг цэвэр, Бразилийн Юүди Эдуардо Сантосыг вазари үнэлгээгээр, ОУХМ Н.Дагвасүрэнг торгуулиар хожиж, аваргын төлөө БНСУ-ын Ли Сунхог жижу гатамэ буюу гарт өчих мэхээр цэвэр ялжээ. Өмнөх өдөр монголчуудаас анхны аварга төрөх боломжтой байсан ч МУГТ Д.Амартүвшин дэвжээний эзэн орны бөх, дэлхийн аварга Наохиса Такатод шүүгчдийн эргэлзээтэй шийдвэрээр хожигдсоныг О.Ууганбаатар ийнхүү “цайруулж” багтаа аваргын алтан медаль авчирч чадлаа.

ОУХМ Н.Дагвасүрэн Тажикистаны Ахмод Муродовыг цэвэр, Японы Кохара Кенья, Францын Жонатан Аллардоныг вазари үнэлгээгээр ялж шөвгийн дөрөвт үлдээд ОУХМ О.Ууганбаатарт торгуулиар хожигдсон ч хүрэл медалийн төлөө барилдаанд Португалын Анри Эгуицыг хоёр вазари үнэлгээгээр ялан медалийн тавцанд гарсан юм.

Манай баг ийнхүү Токиогийн их дуулгаас нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, урьд өмнөхөөс илүү амжилт гаргалаа.