Харүмафүжи: Таканоива дүүдээ хандаж хэлэхэд “Сүмо бөхийн хүндлэл гэж юу байдгийг ухамсарлаж яваарай”

Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи өөрөө хэвлэлийн бага хурал зарлаж үүсээд байгаа асуудлын талаар хариулт өглөө. Харүмафүжи сэтгүүлчдийн асуултад “Багштайгаа зөвлөлдөөд зодог тайлах шийдвэр гаргасан. Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргалаа.

Их аварга хүн гэдэг зөвхөн өөрийнхөө төдийгүй цолныхоо нэр хүнд, хариуцлагыг авч явах ёстой. Тийм учраас зодог тайлах шийдвэр гаргасан.

Ах аваргын хувьд Таканоивад хэрхэн барилдах, биеэ хэрхэн авч явах тал дээр зааж зөвлөсөөр ирсэн. Одоо ч тийм бодолтой байдаг. Дүү бөхчүүдээ илүү хатуу чанга болгож, илүү хичээгээсэй гэсэн үүднээс ханддаг байсан хандлага маань ийм байдалд хүргэлээ.  

16 настайдаа анх Японд ирсэн. Тэр цагаас хойш тусалж дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа, баярлалаа, баярлалаа. Би сүмо бөхөд хайртай. Сүмод өнгөрүүлсэн 17 жил маань үнэхээр сайхан 17 жил байлаа. Баярлалаа. Уучлалт хүсч байна. Хариуцлагаа ухамсарлаж байна.

Сүмо бөх болсноосоо хойш самуурай гэж ямар байх ёстой, Их аварга болчихоод их аварга хүн гэж ямар хүн байх ёстойг харуулж, бусдад үлгэрлэхийг хичээж ирсэн. 10 жилийн өмнө аавыгаа алдсан. Тэр цагаас хойш багшийгаа төрсөн аав шигээ бодож ирсэн. Энэ 17 жилийн турш багшийгаа баярлуулчих юм сан гэж хичээж, зүтгэж ирсэн. Энэ бүхний эцэст ийм байдлаар дуусгаж, багшийнхаа нулимсыг үзэж байгаадаа маш их харамсаж байна. Багшаасаа сурсан бүх зүйлсээ санаж явах болно.

Архи уусан учраас, архины халуунд хийсэн зүйл биш. Би архи уудаг, уучихаараа агсардаг хүн биш. Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл их явсан. Тийм биш. Дүүдээ нэг зүйл хэлж өгөх гээд, зааж өгөх гээд ийм зүйл боллоо” хэмээн хэллээ.  

Тэрээр мөн Таканоива дүүдээ хандаж “Сүмо бөхийг, сүмо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг сайн ойлгож ухамсарлаж яваарай” хэмээн захисан юм.