Ёкозунагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргана

Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшюү башё энэ сарын 26-нд буюу өчигдөр өндөрлөлөө. Уг башёд Мэргэжлийн сумогийн Их аварга Хакүхо М.Даваажаргал 40 дэх түрүүгээ хүртэж, рекорд амжилтаа ахиулсан юм.

Ердийн жишгээр хэвийн эхэлсэн башёгийн хоёр дахь өдөр сүмогийн ертөнцийг донсолгосон дуулиан дэгдсэн юм. Сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи нутаг нэмэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр толгой тус газарт нь цохиж, хүнд бэртээсэн гэх мэдээлэл гарав. Таканоива биеийн байдлын улмаас башёд оролцохгүй гэж дэвжээнийх нь ояката шийдсэн бол Харумафүжи дээрх дуулианы улмаас өөрийн хүсэлтээр башёг орхиод буй.

Дэвжээнд гарч барилдсан бөхчүүд, тэр тусмаа аварга хүний хувиар, бас нутаг нэгт монгол хүний хувиар ёкозуна Хакүхо сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд башё болж өнгөрснийг хэлсэн юм. “Энэ башёгийн үеэр сэтгэл зовоосон хэрэг явдал гарлаа. Сүмогийн бүх дэмжигчдээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байна” гэж Хакүхо 40 дэх ялалтынхаа дараа хэлжээ. Мөн тэрбээр “Би Харумафүжи, Таканоива нарыг хоёул сүмогийн дохёд дахин гараасай гэж хүсч байна” хэмээгээд, башё өндөрлөсөн тул болсон хэрэг явдлын талаар үнэн мөнийг мэдүүлнэ гэлээ. 

Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ч мөн “бараан сүүдэр” дор өнгөрсөн кюүшюү башёгийн төгсгөлд үзэгч, дэмжигчдээс уучлал эрэв. Тэрбээр “Үзэгч, дэмжигчдийн сэтгэлийг сэвтээж, таагүй байдал үүсгэсэнд сэтгэлийн угаас уучлал эрж байна” гээд, болсон хэрэг явдлын үнэн мөнийг аль болох хурдан тогтоохоо амлажээ.

Кюүшюү башё өндөрлөж, бөхчүүд биеийн болоод сэтгэл санааны хувьд завтай, боломжтой болсон тул Тотторид болсон явдлын үеэр хамт байсан сүмочдоос мэдүүлэг авч эхэлнэ гэж тус хотын цагдаагийн байгууллага мэдэгдээд байгаа. Таканоива А.Баасандоржийн харьяалагддаг дэвжээний ояката Таканоханагийн гомдлын дагуу Харумафүжигийн эсрэг хэрэг үүсгэж, шалгаж эхлээд байгаа юм.Хэрэгт холбогдуулан Харумафүжи, Таканоива нараас байцаалт, мэдүүлэг авчээ.

Мөн Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл өнөөдөр /2017.11.27/ хуралдаж, холбооны зүгээс ямар арга хэмжээ, шийтгэл, шийдвэр гаргах нь зохистой талаар хэлэлцэж, саналаа хүргүүлэх ажээ. Ёкозунагийн зөвлөл Харумафүжигийн нэр холбогдсон хэргээс гадна башёг дундаас нь орхисон ёкозуна Кисэносатогийн тухай ч санал солилцох бололтой. Сүмогийн дээд цолд хүрснээс хойш таван башёгийн дөрөвт нь бүтэн барилдаж чадаагүй тэрбээр 2018 оны тэргүүн башёд тааруу барилдвал ёкозуны цолыг нь хураах хэмжээнд яригдана гэж ояката нар ярьж байна.

Харумафүжигийн тухайд шар айрагны шилээр цохисон, үгүй нь чухал биш, ёкозуна цолтон ийм дуулианд нэр холбогдсон нь түүнийг цолоо хураалгаж, зодог тайлах хангалттай шалтаг, шалтгаан болно гэж зарим ояката нар хэлсэн. Нөгөө талаас эрх мэдлийн төлөөх ояката нарын тэмцлийн золиос нь бөхчүүд болох ёсгүй гэх байр суурьтай эрхмүүд ч бас бий.

Түүнчлэн Японы сүмогийн холбооны Хямралын менежментийн зөвлөл болсон хэрэг явдлын талаар цагдаагийн байгууллагаас тусдаа, дотооддоо мөрдлөг, шалгалт явуулж байгаа. Тэд Харумафүжигээс болсон явдлын талаар тайлбар, байцаалт авсан, харин хохирогч болох Таканоивагийн зүгээс мэдээлэл авах гэсэн ч ояката Таканохана татгалзсаар байгаа юм. Тус зөвлөл ойрын хугацаанд хэргийн үнэн зөвийг тогтоож, башё өндөрлөсний дараа холбогдох хүмүүст зохих шийтгэл оноохоо мэдэгдсэн.

Нэгэнт башё өндөрлөсөн тул Харумафүжи, Таканоива нарын нэр холбогдсон хэргийн мөрдөн байцаалт эрчимжиж, дуулиант хэргийн цаадах эргэлзээтэй асуудлууд тодорхой болох бололтой.

Эх сурвалж: News.mn