Ц.Мөнхцэцэг: Хоёр настай охины ээжид хууль зүйн туслалцаа хэрэгтэй

Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй. Тэгвэл хохирогч охин, эхэд яаралтай хууль зүйн туслалцаа үзүүлэх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр онцоллоо. 

Тэрбээр "Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн байж болзошгүй ноцтой хэргийн талаар өчигдөр папараци сайт мэдээлсэн. Хохирогч эмэгтэй цагдаад гомдол гаргаснаас хойш хэдэн сар өнгөрсөн ч хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй.

Хохирсон охиныг эхээс нь салгаж Хүүхэд хамгаалах төвд авсан байгаа юм байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа шуурхай байх ёстой атал өнөөг хүртэл энэ эмэгтэйд ямар нэг туслалцаа үзүүлээгүй, арга хэмжээ аваагүй байна. Тийм учраас энэ асуудлаар яаралтай арга хэмжээ авч хохирогч эмэгтэйд хууль зүйн туслалцаа үзүүлнэ үү" хэмээн Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хандаж хэллээ. 

Харин Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Өмнө нь долоон жилийн турш мөрдөж ирсэн хуулиар зөвхөн төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлдэг байсан. Харин одоо өргөн бариад байгаа хуулийн төсөлд төлбөрийн чадваргүй болон гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлдэг байх зэргээр өргөн хүрээнд тусгаж байгаа. Таны сая хэлсэн энэ асуудлаар бид ажиллъя. Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчдийг хохирогч охины ээжтэй уулзуулж, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгөх асуудлаар ярилцаад, Байнгын хороонд эргэж танилцуулах болно" гэв.