Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хоёр настай охин эмч нарын хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдлээс болж энджээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр шалтгаангүйгээр халуурсан охиноо ээж нь Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт дагуулан очиход халуун бууруулах эм бичиж өгөөд, хоёр удаа буцаасан байна. Эмчийн бичиж өгсөн эмэнд охины халуун буурахгүй, зовиур ихтэй байсан тул Улаанбаатарт ирж, хүүхдийн хувийн эмнэлэгт үзүүлэхэд “Хордлогод орсон” гэж оношлоод, эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгчээ.
Охин нь 39 хүртэл халуурч, халуун нь буухгүй байсанд балмагдаж, сандарсан ээж нь гэрээрээ ч оролгүй аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт охиныхоо хамт очсон байна. Тухайн үед 15.00 цаг өнгөрч байжээ. Улмаар нэгдсэн эмнэлгийн эмчид бичгээ үзүүлж, өвчний түүхээ нээлгэн эмчилгээгээ бичүүлсэн аж. Тухайн өдөр н.Ганцэцэг гэх эмч жижүүртэй байж таарчээ.
Тэрбээр 18.00 цагийн үед цагийн тариа хийхдээ охиныг нэг удаа чагнаж үзсэн бөгөөд “уух юм сайн өгөөрэй” гэж зөвлөсөн байна. Түүнээс хойш нэг ч удаа өвчтэй охиныг эргээгүй, зөвхөн сувилагчаа л хоёр удаа явуулжээ. Гэтэл 23.00 цагийн тариаг сувилагч хийсний дараа охин огиулж эхэлсэн байна.
Уусан усаа, идсэн хоолоороо огиулж, “ээжээ горшок”, “ээжээ ус ууя”, “ээжээ би унтмаар байна” гэх үгсийг давтсаар байсан гэдэг. Энэ үед бүсгүй эмч, сувилагчийг дуудсан ч, “Эмчилгээг нь хийчихсэн шүү дээ” гэж хэлээд тоогоогүй байна. Гэтэл гурван өдөр халуурч, хордлогод орсон бяцхан хүүхдийн нүд гэнэт солийж, шүдээ зууж, таталт өгч эхэлжээ. Жижүүр эмч ч ирж.
Гэвч ямар нэг анхан шатны тусламж үзүүлээгүй бөгөөд ирмэгцээ доод давхар руугаа амьсгалын аппарат авчрахаар буцжээ. Тухайн нөхцөл байдлын талаар охины ээж “Хүүхдээ орон дээрээ тавьж бай гэж хэлээд аппарат авчрахаар явсан. Байж байж нэг аппарат авчирч тогонд залгах гэж байснаа болиод тарианы өрөө рүү ороорой гэсэн.
Тэгээд ортол хүүхдийн чинь зүрх зогсчихсон байна гэж хэлсэн. Би итгэж чадаагүй. Та чинь юу яриад байгаа юм бэ гэхэд чи гэрийнхнээ дууд гээд миний охиныг тарианы өрөөнийхөө ширээн дээр тавьж, гараараа зүрхэнд нь иллэг хийсэн болоод өөрийгөө хамгаалахын тулд зүрх нь хэдийнэ зогсчихсон байхад адерналин тарьсан. Хоёр, гурван тариа хийсэн гэж байна билээ.
Тэдгээрийг бүгдийг нь миний охины зүрх зогссоны дараа л хийсэн. Хөөрхий охин минь татах хүртлээ л ээжийгээ дуудсан” гэв. Хүүхдийн тасгийн жижүүр эмчийг аппаратаа авчрах, өөр өрөө рүү шилжүүлэх гэх мэтээр хугацаа алдаж байхад охин таталтандаа амьсгал хураажээ.