Улсын хэмжээнд Хэнтий, Сэлэнгэ аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан билээ. Ялангуяа Сэлэнгэ аймгийн зарим газар нутагт хорио цээр тогтооход хүрсэн юм. Мөн шүлхий өвчин нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлж, Нийслэлийн Онцгой комисс Шижир, Ар гүнтийн даваануудад хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргаад байгаа.
Түүнчлэн Мандал сумын өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 11 дүгээр сарын 20-24-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоожээ. Сүүлийн мэдээгээр зөвхөн Мандал суманд 372 үхэрт шүлхийн ил шинж тэмдэг илэрснээс 260-ыг нь устгаад байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Сэлэнгэ аймагт 34 мянга гаруй малыг вакцинжуулахаас 29 хувийг нь хамруулаад байгаа аж. Одоогийн байдлаар шуурхай арга хэмжээнд 1.2 сая төгрөгийг зарцуулжээ.