Матад сумын асуудлаар олон улсын форум болно

Дорнод аймгийн Матад сумын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, тус сумын хөгжлийн асуудалд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон улсын байгуллагын анхаарлыг төвлөрүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилго бүхий “Матад түншлэл-2017” форумыг маргааш буюу энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагаа нь тухайлсан нэг сумын хөгжлийн асуудлыг олон улсын хэмжээнд тавин хэлэлцүүлж буй анхны форум гэдгээрээ онцлогтой юм.

Форумд УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөлөл, аймаг, орон нутгийн удирдлага, Монгол Улсад сууж буй дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, судлаачид, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, бизнесийн салбарын төлөөлөгчид оролцох юм байна.

Оролцогчдын бүтээлч хандлага, санал, зөвлөгөө, хамтын ажиллагааны үр дүнд Матад сумын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлэхэд энэхүү форум бүхэлдээ чиглэгдэх аж.

Улаанбаатар хотоос 800 км, Дорнод аймгийн төвөөс 150 км зайд, Монгол орны зүүн урд хязгаарт оршдог Матад сум нь 860 өрх, 2590 хүн амтай бөгөөд мал аж ахуйгаас гадна уул уурхайн салбар түлхүү хөгжиж газрын тос, нүүрс, жоншны хайгуул болон олборлолт хийгдэж буй сум юм.