Ж.Батзандан бүлгийн даргаа бүлэглэлийн гишүүн болсон гэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр ярихдаа, “Манай цензуртай байгууллагын дарга Цензургүй ярианд орохдоо гүтгэлэг тараасан. Миний хоёр ахыг надтай хамт гүтгэсэн. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд болсон явдлын талаар мөн л гүтгэсэн. Би хуульч хүн, миний амнаас “ална” гэдэг үг гарч байгаагүй.

Энэ гүтгэлгийг нээлттэй сонсголын үед баримттай гаргаж тавина. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Б.Хурцтай эвлэр гэж Л.Болд бид хоёрт тулгасан. Б.Хурц 2020 оноос манай намаас нэр дэвшинэ, дэмжиж ажиллаарай” гэсэн. Би хариуд нь гэмт хэргийн шинжтэй нууц материалаа ил болгож, улстөрчдийг айлгахаа боль гэж хэлсэн. Б.Хурц сандал дээр сууж байсан учраас би нөхрийн ёсоор гуя дээр нь гараа тавьж мэндэлсэн. Тийм л юм болсон. Дараа нь бүлгийн дарга Д.Эрдэнэбат Б.Хурц хоёр цагдаа дээр мэдүүлгээ нэгтгэсэн. Ер нь Д.Эрдэнэбат бүлэглэлийн гишүүн болсон гэдэг нь харагдаж байна. Энэ тухай би бүлгийн хурал дээр ярьсан. Цаашид бүлгийн дарга байх уу, бүлэглэлийн гишүүн байх уу гэдгээ шийдэх ёстой” гэлээ.