Б.Жавхлан: Иргэдэд 50, аж ахуйн нэгжүүдэд 500 хүртэл сая төгрөгийн зээл олгоно

Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч тэргүүтэй албан хүмүүс Засгийн газраас хэрэгжүүлэх "10 их наядын цогц төлөвлөгөө"-ний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Сангийн сайд Б.Жавхлан: -Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний дагуу иргэд, аж ахуйн нэгжүүд рүүгээ чиглэсэн зээлийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн боллоо. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээл олгохоор болж байгаа. Шаардлагатай тохиолдолд зээлийн 60 хүртэл хувьд нь Засгийн газар батлан даалтын үйлчилгээ үзүүлнэ. Төлөвлөгөө маань үндсэндээ зургаан чиглэлд хэрэгжинэ. Зургаан яам үүнийг хариуцаж ажиллан.

Эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийснээс шалтгаалж эдийн засгийн макро түвшинд тэнцвэр алдагдахгүй байх, хяналтандаа байлгах асуудлаар судалгаа хийсэн. Эдийн засаг хүндэрснээс шалтгаалж арилжааны банкууд дээр зээлэнд гарахгүй төвлөрсөн сул эх үүсвэрүүдийг дайчлах замаар эдийн засгаа сэргээх боломжуудыг судалж ажлын байрыг дэмжихэд хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Төрөөс тавьж байгаа зээлийн нэг л шаардлага байгаа. Энэ бол улсдаа данстай НӨАТ төлөгч байгаач гэсэн шаардлага. Ийм шаардлагыг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд тавьж байгаа. НӨАТ төлөгчөөр бүртгүүлж амжаагүй аж ахуйн нэгжүүд байвал бүртгүүлэх хэрэгтэй.

Зээлийн энэ үйлчилгээнд бичил бизнес, өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана. Өмнө нь иргэд хөтөлбөрүүдэд хамрагдаж чаддаггүй байсан. Энэ удаад бол иргэдээ түлхүү хамруулахаар төлөвлөсөн. Иргэд маань үүнийг хэрэглээний зээл гэж бүү ойлгоорой. Ажлын байр бий болгодог иргэдэд олгох зээл юм шүү. Энэ төрлийн иргэд маань хамгийн ихдээ 50 сая төгрөгийн зээл авдаг гэсэн судалгаа  байдаг. Тиймээс хамгийн ихдээ 50 сая төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй олгоно. Харин зөрүү долоон хувийг нь төрөөс олгоно. 20-25 мянган иргэн хамрагдана гэж тооцсон.

Аж ахуйн нэгжүүдэд 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно. Хүсвэл Зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэл хувьд нь баталгаа гаргуулж болно.

Бид өнгөрсөн онд 69 мянган ажлын байрыг алдсан. Эдийн засагтаа идэвхжүүлэлт хийхгүй энэ хэвээр нь байлгавал нэмээд 130 мянган ажлын байрыг алдах бодит эрсдэл учирсан. Тиймээс зээлээр дамжуулж эдийн засгийн идэвхжилийг хийнэ гэж шийдсэн.

Мөн аж ахуйн нэгжүүдийн арилжааны банкнаас авсан өндөр хүүтэй зээлээ дахин санхүүжилт хийж гурван хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх боломж олгож байгаа. Харин авсан зээлээрээ өөр үйл ажиллагаа явуулах, хүүлэх зэрэг үйлдэл гаргавал шийтгэл ногдуулна. Зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдвол зээл нь шууд арилжааны банкны өндөр хүүтэй зээл рүү шилжинэ. Өмнө нь төлсөн хүүгийн дэмжлэгийг төр шууд банкнаас нь суутгаж авна. Банк харилцагчтайгаа учраас олно. Цаашлаад Зээлийн батлан даалтын сангаас олгох баталгааг нь нөхөж олгохгүй.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Монголбанк Засгийн газраа зарласан 10 их наядын төлөвлөгөөний гурван хэсэгт нь оролцож байгаа.

Нэгдүгээрт, Монголбанкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн репо санхүүжилт.

Хоёрдугаарт, ипотекийн зээл. 2021 оны хувьд 700 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээл олгоно.

Гуравдугаарт, Сангийн сайдын танилцуулсан ажлын байрыг дэмжих хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох бүх бэлтгэлээ хангачихсан.

Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар дээрх мэдээллийг өгснийхөө дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Зах зээлд гаргаж байгаа хөнгөлөлттэй зээлийн хэмжээ багадаагүй гэж бодож байна. Харин яг эзэддээ очиход нь анхаарах нь чухал санагддаг. Энэ удаагийн зээл жинхэнэ эзэддээ очиход нь ямар хяналт тавих вэ?

Б.Жавхлан: -2020 онд арилжааны банкуудаас гардаг зээлийн хэмжээ 15 хувиар буюу гурван их наяд төгрөгөөр багассан. Зах зээл дээр энэ хэмжээний зээлийн үйлчилгээ дутагдаж байна гэсэн үг. Тиймээс үүнийг нөхөх, цар тахалд хамгийн их өртсөн иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгож эдийн засгаа сэргээе гэж төлөвлөж байгаа юм. Хүртээмжтэй байж жинхэнэ эзэндээ очих ёстой гэж үзсэн учраас мэргэжлийн байгууллагууд буюу арилжааны банкуудаар дамжуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Өмнө нь гарч байсан алдаа дутагдлыг гаргахгүйн тулд л мэргэжлийн байгууллагатай нь хамтарч байгаа юм.

Б.Лхагвасүрэн: -2021 онд зээлийн хэмжээг өсгөх зайлшгүй шаардлага бий. Тийм ч учраас Засгийн газрын 10 их наядын төлөвлөгөөг Монголбанк дэмжиж оролцож байгаа. Энэ төлөвлөгөө зарлагдсанаас хойш арилжааны банкууд зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэлсэн. Эрэлт их байгаа.    

-Авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд яаж хяналт тавих вэ?

Б.Жавхлан: -Зориулалтын бусаар ашиглаж байгааг нь арилжааны банкууд хялбар илрүүлнэ. Банкуудын IT систем, мөнгөний урсгалыг хянадаг хяналт нь нэг үеэ бодвол сайжирсан. Тиймээс зээлийг зориулалтын бусаар ашиглах нөхцөл маш бага. Мөн Засгийн газар, Төв банк арилжааны банкууд хяналтаа хэр зэрэг хийж байгааг давхар шалгаад явна.

-Энэ хөтөлбөрийн үр дүнг хэрхэн тооцож байгаа вэ?

Б.Жавхлан: -Хөтөлбөр хэрэгжүүлснээр эдийн засгийн нөхцөл байдал хамгийн багадаа цар тахлын өмнөх буюу 2019 оны нөхцөл байдалдаа эргэж очсон байх ёстой гэж үзэж байгаан. 2019 онд ДНБ-ий өсөлт таван хувь дээр байсан. Инфляц зорилтод түвшиндөө буюу зургаан хувьтай, төлбөрийн тэнцэл нэмэхтэй байсан. Ийм үзүүлэлтүүддээ эргэж очъё гэж байгаа юм. Ямар нэгэн улс төрийн эрдэл, өмнө нь гаргасан алдаануудаасаа айгаад гараа хумхиад суугаад байвал эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөсөө хэд дахин муудна. Магадгүй хагас жилийн дараа эдийн засгаа сэргээх зардал маань өнөөдрийнхөөсөө хэд дахин нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бид энэ төлөвлөгөөг зоригтойгоор хэрэгжүүлэхээр зорьсон. Бид долоо хоног бүр энэ төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл өгнө.

-Иргэд, аж ахуйн нэгжүүдэд гурван хувийн хүүтэй зээл олгож төрөөс долоон хувийн хүүгийн зөрүүг арилжааны банкуудад өгнө гэж байна. Тэгэхээр хүүгийн зөрүүнд төрөөс ямар хэмжээний мөнгө гаргана гэж тооцож байгаа вэ?

Б.Жавхлан: -Хоёр их наяд төгрөгийн зээл бүхлээрээ гарлаа гэхэд жилд 70-80 тэрбум төгрөгийг хүүгийн зөрүүнд төлнө.