“Ханзны наадам”-ын ахлах сургуулийн төрөлд “Сакура” сургуулийн сурагчид түрүүллээ

Япон хэлний сургалттай Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулагддаг “Ханзны гуравдугаар наадам” өнгөрсөн бямба гаригт амжилттай боллоо.

Энэ жилийн наадамд “Монгени” цогцолбор, “Сакура”, “Шинэ Монгол”, “Монгол коосэн”, Өвөрхангай аймгийн “Мэргэд”, “Төгс дэлгэрэх”, “Наран”, “Номт наран” бүрэн дунд сургууль, Эрдмийн Ундраа цогцолбор 54-р дунд сургууль, Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18-р сургууль, 23-р сургууль зэрэг 11 сургуулийн нийт 105 сурагч оролцож, япон хэлний мэдлэгээ уралдууллаа.

Уг наадам нь дунд сургуулийн болон ахлах сургуулийн тэмцээн гэсэн хоёр төрөлд хуваагддаг бөгөөд нэг төрөлд сургууль тус бүрийг төлөөлж таван сурагч нэг баг болон оролцдогоороо онцлог. Энэ жил дунд сургуулийн төрөлд 10 сургууль, ахлах сургуулийн төрөлд 11 сургуулийн сурагчид оролцжээ.

Ингээд энэ удаагийн буюу “Ханзны гуравдугаар наадам”-ын Ахлах сургуулийн төрөлд:

I байрт  Математик, япон, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Сакура” бүрэн дунд сургууль,

II байрт “Монгол коосэн” бүрэн дунд сургууль,

III байрт “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн сурагчид тус тус шалгарлаа.

Харин дунд сургуулийн төрөлд:

I байрт “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль,

II байрт 23-р сургууль,

III байрт 18-р сургуулийн сурагчид шалгарсан байна.

Мөн Өвөрхангай аймгийн “Мэргэд” бүрэн дунд сургуулийн сурагчид Тусгай байрт шалгарчээ.

 “Ханзны наадам”-ыг  “Монголын япон хэлний багш нарын холбоо” МУБИС-тай хамтран зохион байгуулдаг бөгөөд жил ирэх бүр хүрээгээ тэлж буйг зохион байгуулагчид нь онцолж байв.

Энэ талаар МУБИС-ийн япон хэлний багш Д.Бурмаа “Ханзны наадам маань жил ирэх тусам өргөн хүрээнд болж байна. Анхны тэмцээнд таван сургууль, хоёр дахь жилдээ долоон сургууль энэхүү наадамд оролцож байсан. Харин энэ жил 11 сургууль оролцлоо. Мөн орон нутгаас буюу Өвөрхангай аймгийн “Мэргэд” бүрэн дунд сургуулийн сурагчид оролцсон нь их онцлог байлаа” гэлээ.

Сурагчдын сурч мэдэх хүсэл эрмэлзлийг нь дэмжиж, япон хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй уг наадмыг энэ жил “Монгол дахь япон иргэдийн нийгэмлэг”, “Кёкүшюзан” сан, “Сакура” дунд сургууль, “Yu Language” сургалтын төв, “Монгол японы төв” зэрэг байгууллагаас гадна хоёр хувь хүн ивээн тэтгэжээ.