Б.Даваасүрэн: Гоо сайханч хүн тариа хийдгийг эхний ээлжинд болиулах хэрэгтэй байна

Сүүлийн үед Монголын эмчилгээний гоо сайхны салбар үсрэнгүй хөгжиж, өдөр тутам түгээгдэж буй зар сурталчилгааны дийлэнх олонхийг арьс гоо заслын эмнэлгүүдийн ид шидийн мэт залуу сайхан болгох сурталчилгаанууд эзэлж байна. Үүнтэй зэрэгцээд гоо сайхнаараа хохирсон иргэдийн тоо ч мэр сэр нэмэгдсээр байгааг сошиал орчинд түгээгдэж буй мэдээллүүдээс харж болно. Европын Арьс Гоо Заслын Холбооны Хяналтан доор үйл ажиллагаагаа явуулж буй LE BEAUTIQUE ХХК-ийн Ерөнхий захирал Б.Даваасүрэнтэй гоо сайхны салбарын хяналт, стандартын талаар ярилцлаа.

Арьс гоо заслын салбар эрчимтэй хөгжиж байна. Сайны хажуугаар саар гэдэгчлэн гоо сайхнаараа хохирсон хүмүүсийн бичлэг энд тэндгүй тавигдах боллоо. Та энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүний хувьд дээрх мэдээллүүдийг анхааралтай ажиглаж байгаа болов уу?

Гол санаа зовж байгаа асуудал бол гоо сайхны салбарын гэнэтийн энэ огцом замбараагүй хөгжил, хөдөлгөөн эмх цэгцэндээ орох гэж явах замдаа олон хүний гоо сайхнаар тоглохгүй байгаасай л гэж хүсч байна. Мэдээж гадагшаа явж хийлгэдэг байсан үнэтэй үйлчилгээнүүдийг эх орондоо боломжийн үнээр хийлгэх боломж, сонголтууд нэмэгдэж байгаад  хэрэглэгчийн өмнөөс баяртай байгаа. Гэхдээ юм хэмжээндээ байх ёстой гэдэг шиг хүн бүр гоо сайхны бизнес эрхлэх нь ашиг өндөртэй, амархан ажил юм байна гэж ойлгоод ороод байгаад гол асуудал байна. Өөрөөр хэлбэл гоо сайхны бизнес эрхлэгч тэр дундаа гоо сайхны эмнэлэгт тавигдах босго шаардлага өндөрсөх ёстой гэж би хувьдаа харж байгаа. Гоо сайханч, гоо заслын эмч гэдэг хоёр тусдаа ойлголт. Гоо сайханч бол эмч биш. Миний мэдэхээр эмнэлгийн стандарт хангахааргүй маш олон газар эмнэлэг нэрийн дор мэргэжлийн бус үйл ажиллагаа явуулж байгаа нь гоо сайхнаараа хохирогсдын тоог нэмж байна. Өнөөдөр манай эмнэлэг дээр ирж байгаа 4 харилцагч тутмын нэг нь аль нэг салон, гоо сайхны эмнэлгийн мэргэжлийн бус үйл ажиллагааны хохирогч болчихоод, одоо ямар нэг арга байна уу гэж ирж байна. Туршлагын туулай болох эрсдэл гоо сайхны салбарт өндөр байна.

Яг аль нь сайн бэ? Хэнд итгэж болох вэ? гэдгээ харилцагч сонгоход тун хүндрэлтэй байна. Төрөл бүрийн амлалт, бэлэг, хямд үнэ, олны танил хүмүүсийн сурталчилгаа гээд. Яг хэн нь мундаг вэ гэдгийг хэн тодорхойлох ёстой юм бэ?

Жижиг зах зээлд хэт олон өрсөлдөгч тоглож байгаа нь эцсийн дүндээ харилцагчид ид шидийн мэт амлалт өгдөг сурталчилгаануудыг бий болгож байна. Зар сурталчилгааны хууль эрхзүйн дорвитой зохицуулалт байхгүй учраас энэ бүхнийг хянах боломжгүй. Бусад орнуудад эрүүл мэндийн бизнес хэт өндөр, хэлсэн амлалтандаа хүрэх боломжгүй үр дүнг амлах нь хуулиар хориотой. Хэдий Монгол Улс эрүүл мэндийн ажилтны ёсзүйн бичиг баримтдаа эмчилгээний үйл явцыг нэг бүрчлэн тайлбарлахыг хориглодог ч өнөөдөр хүний нүүрэнд хийж буй эмчилгээний үйл явцаа бараг бүгд л олон нийтэд хүргэж байна. Шидэт тариа, шинээр төрсөн мэт гоо үзэсгэлэн, үлгэрийн гүнж мэт цасан цагаан царай гээд л ид шидийн амлалтуудтай байж боломгүй сурталчилгаанууд олон байна. Гол нь энэ сурталчилгаануудад итгэж байгаа хүмүүст нэг юм хэлмээр санагддаг юм. Мэдээж таатай хүлээж авахгүй байх. Бага байхдаа бид ид шидэнд итгэдэг байсан байж болно. Насанд хүрчихээд шидэт тариагаар таныг гоё болгоно гэхэд итгээд гүйж очиж байгаа нь үнэхээр гайхалтай. Насаараа хүний нүдэн дээр ил өмсөж явах нүүрний арьсаа шидэнд итгэж тариулна гэдэг байж боломгүй асуудал.

Европ тариа манайханд зохихгүй Солонгос нь сайн гэж ганц нэг хүн ярьж байхыг дуулсан юм байна. Хаана үйлдвэрлэсэн байх нь эмчилгээний үр дүнд хамаатай юу?

Би Европоос бүтээгдэхүүн оруулж ирдэг учраас Европ бүтээгдэхүүн сайн Солонгос нь муу гэж хэлж чадахгүй. Гэхдээ Европ болон Солонгос гоо сайхны эмчилгээний протокол тэс ондоо. Хүний арьсанд эмчилгээ хийхийн өмнөх болон дараах үйл явцад Европчууд онцгой ач холбогдол өгдөг. Эмчилж байгаа нэрээр хүчтэй тариагаар бусад зүйлсийг нь гэмтээж болохгүй биз дээ. Манайхан нэг талаар түргэн хугацаанд гоё болох хүсэлтэй, үр дүн нь маш хурдан мэдрэгддэг учраас Солонгос эмчилгээг сонгодог байх. Урт хугацаанд яаж гоё сайхан байлгах вэ гэдэг дээр бид төвлөрдөг.

Шинээр хөгжиж байгаа салбар учраас хэрэглэгч яг аль тариа нь сайн мууг бас сайн ялгаж таних боломж бага байна л даа. Анх PRP гээд л гарсан. Одоо бүр олон төрлийн эмчилгээ санал болгодог болж?

Хүн бүрийн арьс адилгүй, нөгөө талаар хүний биеийн арьсны хэсэг болгон онцлогтой. Тэр онцлог бүрт нь тохирсон тариаг бид санал болгодог. Хэвлийн өөх задалдаг, нүдний зовхи татдаг, давхар эрүү хайлуулдаг гэх мэт 260 төрлийн үйлчилгээтэй тариа манай эмнэлэгт байгаа. Гоо сайхны салбарт асуудал болж байгаа бас нэг зүйлийг нэмж хэлэхэд нэг сумаар хэт олон туулай буудаад байна. Ботокс, филлер гэдэг хоёрхон бүтээгдэхүүнтэй эмнэлэг хүний арьсны бүх асуудлыг шийднэ гэж хэлж, сурталчилж чадаж байгаа нь энэ салбарт хяналт сул байгаагийнх. Тиймээс Мэргэжлийн хяналтынхан энэ салбарт тавих стандарт, хяналт шалгалтаа чангатгаач ээ л гэж хэлмээр байна. Энэ үгийг амиа бодсондоо биш салбараа бодсондоо хэлж байгааг ойлгоорой. Яг өнөөдрийнх шиг хэн дуртай нь орцны хонгилд хүний нүүр лүү тариа шахах боломжтой байдал хэт удаан үргэлжилбэл Монголын арьс гоо заслын салбар тэр чигтээ харилцагчдынхаа итгэлийг алдаж нурна. Тиймээс эрт сэргийлэх ёстой.

Мэргэжлийн хяналтынхантай хамтраад ажиллах холбоо ч юм уу яг энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн нэгдсэн зохион байгуулалтад орсон нэгж байгаа юу?

Арьс гоо заслын салбар Монголд цоо шинээр хөгжиж байгаа зүйл огт биш. Мэддэг, чаддаг, мундаг эмч мэргэжилтнүүд маш олон байгаа. Гол нь олон улсад арьс гоо заслын салбар хэт хурдацтай хөгжиж байна. Хөгжлөөс хоцрохгүй хамт алхаж явж байгаа нь энэ салбарт тунаж үлдэх байх. Гоо сайханч хүн тариа хийж, хүний нүүр лүү дураараа халдаж байгааг ядаж эхний ээлжинд болиулах хэрэгтэй. Тэгэхгүй бол шидэт тарианд итгэсэн хохирогчийг хэн хариуцах вэ?

Танай эмнэлэг Европын Арьс Гоо Заслын Холбооны хяналтан дор үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Олон улсыг түвшинд тавигддаг шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг үү?

Бид эмчилгээний гоо сайхны зах зээлд сүүлийн жилүүдэд шинэ нээлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээрээ тэргүүлж буй Испанийн Тоскани Косметиксийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголд нийлүүлэх онцгой эрхийг эзэмшдэг. Тэр утгаараа бидний явуулж буй үйл ажиллагааг Европын Арьс Гоо Заслын Холбоо давхар хянадаг. Хяналт юун дээр явдаг вэ гэхээр юун түрүүнд эмч нарын ур чадвар. Улирал тутамд манай эмч нар Европ явж сургалтад хамрагдаж, шинээр гарч буй технологи, эмчилгээний арга аргачлалд суралцаж  байна. Нөгөө талаар нийлүүлж буй бүтээгдэхүүний чанар үр дүнг хянах үүднээс ямар хүнд ямар зорилгоор хэдий хэмжээтэй тариа хийсэн, үр дүн нь яаж гарсныг бид нэгэн нэгэнгүй тайлагнадаг. Мөн хагас жил тутам Европоос манай эмнэлэгт эмч нар ирж ажилладаг. Бид анхнаасаа энэ салбарт юун түрүүнд бизнесийн ашиг гэхээс илүү урт хугацаанд өгөөжөө өгөх, Монгол улсад стандарт тогтоож жишиг болох үйл ажиллагааг хийнэ гэсэн үүднээс хөрөнгө оруулалтаа хийсэн.

Ярилцсанд баярлалаа.