Монгол Ардын Намын 28 дугаар их хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хурал гурван өдөр үргэлжилнэ. Их хурлаар намын шинэ даргаа сонгох юм. Намын даргад Г.Майцэцэгээс гадна Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл, У.Хүрэлсүх нар нэр дэвшээд байна.
Намын дарга М.Энхболд улс төрийн илтгэлээ танилцуулахын өмнө хурлыг нээж хэлсэн үгэндээ "Манай намын их хуралд олон улcын дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдын төлөөлөл амжилт хүссэн. Энэ үе бол манай намын хөгжил цэцэглэлтийн түүхэн цаг. Энэ их хурал манай намын өмнө тулгарч байгаа асуудлыг бүрэн шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх хурал болно гэдэгт итгэл төгс байна" гэлээ.
Үүний дараа XXVIII их хурлыг даргалах есөн хүнийг баталлаа. Өчигдөр тус намын их хуралд оролцож буй төлөөлөгчдийн ахлагч нартай намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзаж, их хурлыг даргалах есөн хүнийг сонгосон байна.
Хөтөлбөрийн дагуу намын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл эхэллээ. Тэрбээр УИХ-д 26 суудалтай цөөнх болсон амаргүй цаг үед намын даргын тамга авснаа онцлов. Тэрбээр, МАН дараалсан ялагдал хүлээсэн амаргүй үед би намын даргаар ажилласан. Эрх баригч АН МАН-ын гишүүдийг илэрхий хавчин гадуурхаж, улстөрийн тавцнаас шахан зайлуулахыг оролдож байлаа гэв.
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар муугүй ажилласан. Эдийн засагт богино хугацаанд өсөлт гарч, өнөөдөр 5.2 хувьд хүрээд байна. Төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш харьцангуй тогтворжлоо. Үүссэн хямралт нөхцөл байдлыг гэтлэн давах, өрийн удирдлагыг зохицуулахын тулд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүллээ. 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан гадаадын валютын нөөц буурсаар 2016 оны есдүгээр сард 1 тэрбум ам.доллар болсон. Харин өнөөдөр гадаад валютын нөөц 2,2 тэрбум ам.долларт хүрээд байна.
Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа заасан дөрвөн үндэслэл нь шалтгаан биш, шалтаг байсныг намын бага хурлын гишүүд ч дүгнэсэн. Одоо нэгэнт байгуулсан Засгийн газраа дэмжиж, урагшаа харж ажиллах нь зөв. Энэ нь буруу дутуу ажилласан ч толгойг нь илээд бай гэсэн үг биш юм гэлээ.
Намын даргын илтгэл 1 цаг 20 минут үргэлжилнэ. Дараа нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дөрвөн жилийн ажлын тайлан илтгэлээ тавина.