Шилдэг илтгэл танилцуулах 10 энгийн зөвлөгөө

Алга хөлөрч, нүүр улайх, сандрах мэдрэмж танд ямар үед тохиолддог вэ? Олны өмнө үг хэлж, илтгэл тавихдаа та сандардаг уу? Энэ үед сандарсан мэдрэмжээ бусдаас хэрхэн нуух билээ, зааланд байгаа хүмүүст миний ярьж байгаа зүйл таалагдах болов уу, хэрэв би ярих зүйлээ мартвал яах билээ гэх мэт олон зүйл боддог байх. Тэгвэл амжилттай илтгэл танилцуулах 10 зөвлөгөөг хуульч, лектор, Амар сургалтын төвийн сургагч багш Ц.Амарсанаа та бүхэнд зориулан хүргэж байна. Тэрбээр илтгэх урлаг нь үгийг хэнд, хэзээ, хаана, хэрхэн хэлэх, түүнийгээ хүргэх хэлэхүйн бус харилцааны цогц ухаан гэдгийг онцолсон юм. Бид ажилдаа амжилт гаргах гол үндэс нь бусдад өөрийгөө зөв илэрхийлэх явдал шүү дээ. Харин илтгэх чадвар бол хувь хүний өөрийгөө нээн илрүүлэх хөгжүүлэх гарц бөгөөд бусадтай зөв харилцах, нөлөөлөх ур чадвар билээ. Мөн ярих чадвар бол эх хэлний дархлаа ч болж байдаг гэдгийг тэрбээр онцоллоо.

Улс төр, бизнес, нийгмийн салбар бүрийн ШИЛДГҮҮД маш сайн ИЛТГЭГЧ байдаг.

1. ӨӨРИЙН ЗОРИЛГОО ТОГТООХ. Эхлээд хаана, хэзээ, хэнд, юуг, хэрхэн яаж яриаг хүргэх вэ гэдгээ тогтоох.

2. ТӨСӨӨЛӨН БЭЛДЭХ. Тухайн нөхцөл байдалд илтгэлийн орчинд өөрийгөө байгаа мэт төсөөлж бэлтгэх.

3. СОНСОГЧДОД НИЙЦҮҮЛ. Сонсогчдын хүлээн авах чадвар өөр өөр учир түүнд нийцүүлэн илтгэл боловсруулах.

4. ЦАГ ҮЕТЭЙ НИЙЦҮҮЛ. Тухайн цаг хугацаанд нийгэм, эдийн засаг, соёл, сэтгэлгээний хандлага судлах шаардлагатай.

5. БИЕИЙН ХЭЛЭМЖ АШИГЛА. Илтгэгчийн хөдөлгөөн тухайн илтгэлийн агуулгатай нийцэмжтэй байх нь илтгэлийг хүчирхэг болгодог.

6. ИЛТГЭЛИЙН ХАЗАЙЛТ АШИГЛА. Сонсогчид маш сонирхолтой илтгэл байсан ч анхаарал өөр зүйл рүү шилждэг. Ийм учир тухайн илтгэлд агуулгын хазайлт хийх.

7. СЭДЭВ СОНГОЛТ, ҮГ СОНГОЛТ ЗӨВ ХИЙХ. Сонсогчидод тааламжгүй сэдэв сонгох, тохиромжгүй үг ашиглахгүй байх.

8. ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРЬ. Илтгэгч танхимын нөхцөл байдлыг мэдрэх, сонсогчдыг мэдэрч ярих нь яриаг амжилттай болгодог.

9. ШИЛДЭГҮҮДЭЭС СУРАЛЦ. Туршлагатай илтгэгч, амжилтай илтгэлээс суралцах хэрэгтэй. Тухайн илтгэгч болон багш нараас зөвлөгөө авах шаардлагатай.

10. ХЭВ МАЯГАА ӨӨРЧИЛ. Нэгэн хэвийн хэв маяг тохиромжтой биш. Тогтмол сайжруулалт хийх.