Залуучуудын хөгжлийг дэмжих тэтгэлгээс шалгарсан оюутнууд батламжаа гардаж авлаа

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтарч Оюу толгой компанийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Ханбогд сумын харьяат оюутан залуучуудыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрөөс шалгарсан оюутнуудад батламж гардуулах ажиллагаа өнөөдөр боллоо. 

Тус хөтөлбөрийн хүрээнд Ханбогд сумын харьяат 15-34 насны, Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллеж, МСҮТ-д хүмүүнлэгийн ухаан, тэр дундаа орон нутагт хэрэгцээтэй байгаа бага анги, цэцэрлэгийн багшийн чиглэлээр амжилттай суралцаж буй, цаашид орон нутгийн хөгжил, нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй найман оюутан залууг сонгожээ. Шалгарсан оюутнуудад 2017-2018 оны хичээлийн жилд амьжиргааны доод түвшинтэй тэнцэх хэмжээний тэтгэлгийг 10 сарын турш олгох юм. 

НҮБ-ын Хүн амын сан залуучуудын асуудлыг онцгойлон анхаарч, Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Оюутолгой компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн үйл ажиллагаа явуулж буй Өмнөговь аймаг, Ханбогд сумын залуучуудын хөгжилд хувь нэмэр оруулахаар 2015 оноос НҮБ-ын Хүн Амын Сантай хамтарч ажиллаж эхэлжээ. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Залуучуудын хөгжлийн төв, Үе тэнгийн сургагчдын сүлжээ, Өсвөр үе залуучуудад ээлтэй клиник байгуулах, залуу малчдыг чадавхжуулах, залуучуудын гарааны бизнесийг дэмжих зэрэг олон санаачлагыг хэрэгжүүлсэн байна.

Уг төслийн зорилго нь залуучуудыг ялангуяа нийгмийн тусгай дэмжлэг шаардлагатай залуучуудыг хариуцлагатай, эерэг, бие даан амьдрах чадвартай иргэн болж төлөвшихөд туслахын тулд эрх мэдэлжүүлж, чадавхжуулах аж. Мөн залуучуудыг жендерт суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдлийг бууруулах, хүсээгүй жирэмслэлт, БЗДХ, ДОХ-ын халдвараас сэргийлэх, нийгэм, эдийн засгийн өсөлттэй холбоотой өөрчлөлтийг даван туулах чадамжтай болоход туслахыг зорьжээ.