МОНИТОРИНГ: Элчин сайдуудын САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭГ олон нийт хэрхэн хүлээж авав

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сараар Монгол Улсад суугаа Элчин сайдууд мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Тэгвэл тэдний мэндчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон твиттер, фэйсбүүк нийгмийн сүлжээнд хүмүүс хэрхэн хүлээн авч, юу гэж дүгнэсэн талаар "Олон нийтийн санаа бодол, судалгааний шийдэл төв" ТББ-аас мониторинг хийжээ. 

ЖИРГЭЭЧИД ЮУ ХЭЛЭВ?

Цагаан сарын мэндчилгээтэй холбоотой 130 жиргээ, 200 сэтгэгдлийг түүвэрлэн авахад 89,1 нь таалагдсан сэтгэгдлээ илэрхийлжээ. Учир нь, АНУ-ын Элчин сайд С.Клечески монгол дээл, хувцас өмсөж, тавгийн идээ засан хадаг, сүү барин мэндчилсэн нь олон нийтэд ихэд таалагдсан байна. 

Ингээд тэдний мэндчилгээг хүргэж байна.

Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ныхан болон Элчин сайд Клечески, Хатагтай Клечески нар

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки 

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх

Мөн жиргээчид Монголын соёл уламжлалыг судалж, хүндэтгэлтэй хандсан хэмээн ЭСЯ-дуудад талархсан сэтгэгдлээ илэрхийлж, имидж бүрдүүлэлтийг магтан, цагаан сарын баярын хариу мэндчилгээ дэвшүүлжээ.

СAЙТУУД ЮУГ ОНЦЛОВ?

Нийт 12 сайтад 19 нийтлэл орж, 217 сэтгэгдэл бичигджээ. Иргэдийн зүгээс Монголд суугаа элчин сайд нарын мэндчилгээг таатай хүлээж авч байгаа нь сэтгэгдлүүдээс ажиглагдаж байна. Монгол улсын түүх, ёс заншлыг хүндэтгэж байгааг сайшаасан сэтгэгдэл дийлэнх хувийг эзэлжээ. Ялангуяа АНУ-ын Элчин сайдын мэндчилгээг хэвлэлүүд онцолсон бөгөөд өмссөн дээл, тавгийн идээ зассан байдал зэргийг сайшаажээ. Харин ОХУ-ын Элчин сайдыг бусад Элчин сайдуудын адил монгол дээл өмссөнгүй гэж шүүмжлэлтэй хандсан байна.

Мөн БНХАУ-ын Элчин сайд мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ вакцин үнэгүй өгөх талаар ярьсан.

Фэйсбүүк орчинд Элчин сайдуудын мэндчилгээтэй холбоотой постуудын 92 хувь нь эерэг байна. Тэдгээрийн дундаас АНУ-ын Элчин сайдын яамны хамт олны сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн нийт 13 бичлэг илэрч, хандалтаараа тэргүүлсэн бөгөөд АНУ-ын элчин сайд С.Клеческитэй холбоотой постуудын 90 хувь нь эерэг сэтгэгдэл дагуулжээ. 

Эх сурвалж: "Олон нийтийн санаа бодол, судалгааны шийдэл төв" ТББ