Боксын шигшээ багийн тамирчид олимпийн бэлтгэлээ Япон улсад хийнэ

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд Япон улсын Шизиуока мужийн Шимада хотын удирдлагуудтай цахим уулзалт хийжээ. Уулзалтанд тус хотын орлогч дарга Үшио, Боловсролын хорооны дарга Хамада, Боловсролын газрын дарга Накано, Аж үйлдвэр, аялалжуулчлалын газрын дарга Яагава, Олимпийн хэлтсийн дарга Мацүмото нар оролцсон байна.

Харин манай талаас Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Л.Онон болон Монголын олимпын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нар оролцжээ. Уулзалтаар 2021 онд Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчдын “Токио-2020” олимпийн наадмын өмнөх бэлтгэлийг Шимада хотод зохион байгуулах талаар санал солилцжээ. Бэлтгэлийг цар тахлын үед Японы Засгийн газраас тогтоосон Коронавирусээс хамгаалах журмыг баримтлан хийхээр хоёр тал тохиролцсон байна.

Биеийн тамир, спортын улсын хороо нь Шимада хоттой 2016 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын баг тамирчдын бэлтгэлийг жил бүр амжилттай зохион байгуулж, шаардлагатай хувцас хэрэглэлээр хангасаар иржээ.