Ц.Мөнхцэцэг: Эх орондоо буцаж ирэх эрхийг хуулиар хязгаарлаж болохгүй

УИХ дахь Хүний эрхийн дэд хороо өнөөдөр хуралдаж,  Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Ш.Адьшаа нар гадаад улсаас иргэдээ татан авчрах үйл явц, учирч буй бэрхшээлийн талаар асууж тодруулсан юм.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д Монгол улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй гэж заасан байдаг.

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж гадаад улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргаад байгаа иргэдийн талаар болон хөл хорионы улмаас өдөр тутмын орлого нь тасарсан иргэдэд тусламж үзүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг баталлаа.

Цар тахлын эсрэг хуулийн хүрээнд МУ-ын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаатай хангуулах зорилгоор дараах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож байна.

- Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан боловч нэн даруй тусгай үүргийн нислэгт хамруулах боломжгүй, өдөр тутмын орлого, орон байргүй болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд хоол хүнс, түр байраар хангах, мөнгөн тусламж олгох асуудлыг судалж шийдвэрлэх,

- Хөл хорионы улмаас өдөр тутмын орлого нь тасарсан болон баримт бичиг, бүртгэлийн зөрчлийн улмаас шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд хүнс, ус, түлээ, түлш, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хэрэгслээр хангах арга хэмжээ авах,

- Гадаадад байхдаа коронавирусын халдварын шинжилгээ нь эерэг гарсан иргэнийг тухайн улсад эмчлүүлэхэд шаардлагатай тусламж үзүүлэх, эх оронд нь шуурхай авчрах,

- Хорих анги, баривчлах, цагдан хорих, түр болон албадан саатуулах байр, сэтгэцийн эрүүл мэндийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд болон ахмадын асрамжийн газар, цэргийн анги, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байранд халдвараас хамгаалах арга хэмжээ авах, халдвар гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө, бэлэн байдлыг хангасан эсэхэд хяналт тавих, зэрэг заалтуудыг тусгасан юм.

Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ болон гадаадад байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй олон иргэдээс бидэнд ирүүлсэн хүсэлтүүдээс танилцуулж нөхцөл байдлыг уламжлав.

Мөн хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны хуралд УОК, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл оролцож гадаад улсаас иргэдээ татан авчрах үйл явц, учирч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.

Дэлхий дахинд цар тахал дэгдэж, улс орнууд олон улсын нислэгээ зогсоосноос хойш Монгол улс нийтдээ 28,359 иргэнээ татаж авчээ.

Гадаадаас иргэдээ татан авахад учирч буй гол хүндрэл бол тусгаарлах байрны хүрэлцээ гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян хэлж байна. Улаанбаатарт 45 буудал байгаа ч шаардлага хангасан нь 39 байгаа, бусад нь өдрийн 50 мянган төгрөгийн өртгийг зөвшөөрөхгүй байгаа ажээ. Тийм учраас одоо байгаа тусгаарлах байрны хүрэлцээнээс болж ойрхон татан авалт хийж чадахгүй байгаа, мөн дотоодод халдварын тархалт дэгдсэнтэй холбоотойгоор тусгай үүргийн нислэгийн тоо цөөрсөн нь мөн бэрхшээл үүсгэж байгааг албаныхан хэлж байна. 

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба