Ц.Мөнхцэцэг: Нялх биетэй эхэд хувцас, эд зүйлээ бэлдэх цаг өгөх ёстой!

Халдвар хамгааллын хувцастай эмнэлгийн хоёр ажилтан нялх биетэй эмэгтэйг нярай хүүхэдтэй нь өвлийн хүйтэнд амыг нь дэрээр таглаж, өмссөн тавчиктай нь аваад гарч буй дүр зураг олныг бухимдуулж, нийгмийн сүлжээнд хүчтэй шүүмжлэл дагуулж байна. Учир явдлыг тодруулбал, Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхээс коронавирусын халдвар илэрч, ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ ийн ёс зүйгүй хандсан байгаа юм.

Тэгвэл үүнийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг маш хариуцлагагүй, харгис үйлдэл хэмээн шүүмжилж, өөрийн цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр " Энэ ямар харгис, хариуцлагагүй үйлдэл вэ!. Хэдий вирусын халдвар авсан ч дөнгөж төрсөн эх, нярай 2-ын аюулгүй байдлыг хангаж, зузаан хувцас, эд зүйлсээ бэлдэх цаг, боломжийг өгч байж тусгаарлах байр руу шилжүүлэх ёстой.

Хэн нэгэн даргын хариуцлагагүй энэ шийдвэрийн улмаас эх, хүүхэд хоёрын эрүүл мэндэд ноцтой хохирол учирхуйц нөхцөл байдал үүсч, МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН "16.6-д "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй" гэсэн заалт, КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хуулийн 5.1.1-д "хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх" гэсэн заалтууд тус тус зөрчигдөж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд асуулга тавьж, холбогдох газруудад хандах болно" гэжээ. 

Харин үүний дараа УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар олон нийтээс уучлалт хүсч, холбогдох хүмүүст хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Мөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох эмнэлгийн удирдлагуудтай хариуцлагын асуудлаар хуралдаж байна хэмээн цахим хуудастаа бичсэн байна.

З.Хүслэн