ЕБС-уудыг ЭЕШ-ын оноогоор эрэмбэлсэн жагсаалт зарим мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн. Ингэж эрэмбэлдэг асуудал жил бүр гардаг. Өнгөрсөн жил ikon.mn сайт энэ тухай нийтэлсэн бол энэ жил dorgio.mn, shuud.mn зэрэг сайтууд мэдээллэжээ. Гэтэл эцэг эхчүүд энэ мэдээлэлд тулгуурлаж хүүхдээ аль сургуульд сургахаа шийддэг тал ч бий. Үүнтэй холбоотойгоор БҮТ-ийн ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр ЭЕШ-ын оноогоор ЕБС-уудыг жагсаах нь буруу, боломжгүй зүйл гэдгийг онцоллоо.
-Dorgio.mn болон Shuud.mn сайтуудад ЕБС-ын сургуулиудыг ЭЕШ-ын дүнгээр эрэмбэлсэн жагсаалт нийтлэгдсэн байсан. Энэ нь ямар шалгуураар, яаж үнэлж гаргадаг жагсаалт вэ. БҮТ-өөс гаргадаг жагсаалт уу?
-ЕБС-ыг дүн оноогоор жагсаасан жагсаалт Dorgio.mn сайтад нийтлэгдсэн байсан. Ингэж жагсаах нь буруу, учир дутагдалтай юм. Учир нь ЭЕШ нь нормд суурилсан шалгалт. Зөвхөн шалгуулагчдийн мэдлэг чадварын түвшинг үнэлэх биш, сурагчдыг хооронд өрсөлдүүлж эрэмбэлдэг шалгалт юм. Энэ нь агуулгын хувьд Улсын шалгалтаас ахисан түвшний агуулгатай. Гэтэл элсэлтийн шалгалтыг хүүхэд болгон өөрсдийн сонголтоор өгч байгаа тохиолдолд сургуулиудыг эрэмбэлэхэд адармаатай. Жишээ нь Сант сургуулийн хувьд математикийн хичээлээр 4-5 хүүхэд шалгалт өгсөн гэж бодоход Ирээдүй цогцолбор сургуулийг аваад үзэхээр 200-300 хүүхэд шалгалт өгдөг. Тэгэхээр 200-300 хүүхэд шалгалт өгсөн сургуулийн дүнг 4-5 хүүхэд шалгалт өгсөн сургуультай харьцуулах боломжгүй. Сургуулиудыг эрэмбэлэх бас нэг учир дутагдал байгаа нь ЭЕШ нь өөрөө багш нарыг үнэлэх үнэлгээний шалгуурын нэг жижиг бүрдэл хэсэг нь. Гэтэл үүний цаана хүүхдийн авьяасыг хэрхэн хөгжүүлж байгаа вэ, хүүхдийг хэрхэн нээж байна, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн яаж хэрэгжүүлсэн бэ, сургууль орчноо яаж тохижуулсан, багш өөрөө хэрхэн хөгжсөн бэ, хүүхдэд ээлтэй орчинг хэрхэн яаж бүрдүүлсэн гэх зэрэг олон шалгуур байх ёстой. Гэтэл тэндээс зөвхөн ЭЕШ-ыг сонгож аваад хүүхдийн тооноос хамааруулсан эрэмбэ үүсчихвэл энэ нь зохисгүй зүйл болчихож байгаа юм. Сургуулиуд энэ сайтуудын мэдээллээс илүү манай www.stat.eec.mn сайтаар нэвтэрч орвол өөрийнхөө сургуулийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна. Бүх сургуулиудад эрхийг нь нээгээд өгчихсөн байгаа.
-www.stat.eec.mn сайтад ямар мэдээллүүд байршиж байгаа вэ. Мэдээлэл авахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй байх уу?
-БҮТ энэ жил гурван зорилгыг тодорхойлон ажиллаж байгаа. Тодруулбал, нээлттэй, хүртээмжэй, мэргэшсэн үйлчилгээг үзүүлэх гэсэн зорилго тавьсан.
Нээлттэй байх үе шатын хүрээнд ухаалаг тайлангийн эхний үе шат болох ЭЕШ-ын статистик тайлангийн системийг нэвтрүүлж байгаа. Энэ систем нэвтэрснээр боловсролын бодлого боловсруулж байгаа байгууллага, БШУСЯ-ны харьяа байгууллагууд, мөн аймаг нийслэл дүүргийн боловсролын хэлтсүүд, сургуулиуд өөрсдийнхөө хязгаарлагдсан эрхээрээ дамжуулж ЭЕШ-тай холбоотой бүх мэдлээллийг авах боломж бүрдсэн.
Энэ систем нь дотроо гурван хэсэгтэй байгаа.
Шалгуулагчийн мэдээллийн хэсэг
Шалгалтын дүн онооны мэдээлэл
Даалгаврын шинжилгээний хэсэг
Шалгуулагчийн мэдээллийн хэсэгт ямар хичээлээр хичнээн хүүхэд шалгалт өгсөн бэ. Аль аймгаас 10 хичээл тус бүрээр хэдэн хүүхэд шалгалт өгсөн гэх зэрэг сум дүүрэг сургуулиараа бүх мэдээлэл нь гарч ирнэ.
Шалгалтын ерөнхий дүнгийн мэдээллийг авч үзвэл улс, бүс, аймаг, дүүрэг, нийслэл, сум сургуулиараа шалгалтьн дүн оноог харах, харьцуулах боломж үүсч байгаа.
Даалгаврын шинжилгээний хэсэгт энэ жил шалгалт өгсөн хүүхдүүд 10 хичээл тус бүрээр ямар агуулгаар хэрхэн гүйцэтгэсэн гэдгийг тоон мэдээллээр өгнө. Жишээ нь математикийн хичээлийн нэгдүгээр даалгаврыг улсын хэмжээнд яаж гүйцэтгэсэн бэ. Бүсэд хэрхэн гүйцэтгэсэн бэ, аймгууд, хот хөдөөгөөр хэрхэн гүйцэтгсэн бэ гэх зэрэг сургууль дотроо, бүр анги бүлгээрээ хүртэл хэрхэн гүйцэтгэсэн гэдгийг харах боломж байгаа.
Энэ сайтад байрших мэдээлэл нь боловсролын байгууллагууд, багш, судлаачдад зориулсан мэдээлэл юм шүү. Багш судлаачид эндээс авсан мэдээлэлд тулгуурлаж, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, судалгааны ажил бичих бүрэн боломжтой.