УИХ-ын гишүүд хүчирхийллийн эсрэг “Цагаан туузтан

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд гишүүд цагаан тууз зүүж оролцлоо. Энэ нь хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй гэдгээ амлаж буйн илэрхийлэл ажээ.

Хүний эрх, хөгжлийн тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "People in Need" олон улсын байгууллагаас хүний эрхийн өдөрт зориулж, хүчирхийллийн эсрэг “Цагаан тууз” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд уг аяныг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар уриалан дэмжиж, УИХ-ын бусад гишүүдийн хамт ийнхүү цагаан тууз аянд нэгджээ.

Мөн гишүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн урласан зөөлөн тоглоом болон нэрийн хуудасны арьсан хэтэвчийг худалдан авч, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн асран хамгаалагчдад болон "Лантуун дохио" ТББ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлжээ.

Ц.Мөнхцэцэг: Хөвгүүдээ өсгөдөг уламжлалт хандлагаа эргэн харцгаая

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хүчирхийллийн эсрэг эрэгтэйчүүдийг илүү идэвхтэй дуу хоолойгоо хүргэж, оролцохыг уриалсан байна. Тэрбээр “Хүчирхийлэл үйлдэгчийн 87 хувь эрчүүд байдаг ч эрэгтэй хүн бүр хүчирхийлэл үйлдэгч биш юм. Гэхдээ сайн хүний дуугүй байдал өөрөө хор уршигтай. Хүчирхийлэл үйлддэггүй ч хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөөд байгаа эрэгтэйчүүдийг татан оролцуулбал хүчирхийлэлийг хумих боломж бий.  Идэвхгүй, оролцоогүй, дуугүй эрэгтэйчүүд дуугарч эхлэх нь чухал юм. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга нь эрэгтэйчүүдийг татан оролцуулах явдал гэдэг нь олон улсын практикаас харагддаг.  Тийм учраас монголчууд бид “Эр хүн уйлах ёсгүй, Эр хүн хүчтэй байх ёстой, Эр хүн тэжээгч байх ёстой, хамгаалагч байх ёстой” гэх мэт уламжлалт хандлагаар хөвгүүдээ өсгөж байгаагаа эргэн харцгаая. Мөн эрэгтэйчүүдэд чиглэсэн нийгмийн үйлчилгээ хангалттай байна уу, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудалд анхаарч байна уу зэрэг асуудлыг эргэн харах ёстой болж байна” гэжээ.

Г.Занданшатар: Хүчирхийллийн эсрэг хууль эрхзүйн шинэчлэлүүдийг хийнэ

Тэгвэл чуулганы хуралдааны нээлтэд үг хэлэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж буй иргэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй гэдгээ амлалт өгөн цагаан тууз зүүдэг. Миний бие ч өнөөдөр цагаан тууз зүүн хүчирхийллийн эсрэг зогсож буйгаа илэрхийлж байна. Дэлхий нийтэд тархсан коронавирусын цар тахалтай холбоотойгоор хатуу хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэр шилждэг тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэд хэдэн илтгэлдээ дурдаж улс орнуудад зөвлөмж хүргэсэн.  УИХ-аас жендерт суурилсан хүчирхийллийг зогсоох, хүүхэд хамгааллын хуулийг боловсронгуй болгох чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэлтүүдийг хийхээр төлөвлөж байна” гэдгийг онцолсон юм.

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ “Яг одоо Хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулж байгаа юм.