Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2-р байранд ажилладаг ажилтнууд 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн богиносгосон цагаар ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоол болон өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын А/682 дугаар захирамж гарсантай холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/665 дугаар тушаал гарлаа. 

      Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ажилтнуудын төвлөрөл, бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор Ерөнхий захиргааны 2-р байр (гендрекц)-нд ажилладаг ажилтнуудын 80 хувийг зайнаас цахим хэлбэрээр ажиллуулах, бусад ажилтнуудтай зөвшилцсөний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 08:00 цагаас 15:00 цагийн хооронд ажиллах ажлын горимд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

     Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах, үйлдвэрлэлийн бүсэд ажилладаг ажилтнуудын ажилдаа ирэх, буцах үед халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, бөөгнөрөл үүсгэхгүйгээр, батлагдсан цагийн хуваарийн дагуу тээвэрлэх асуудлыг шийдвэрлэж, хяналт тавьж ажиллахыг, Үйлдвэрийн газрын шуурхай албаны болон зайлшгүй шаардлагатай албан ажилд томилогдон ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл, хүнсний хангамжийн түгээлт, тээвэрлэлтээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагаас эхлэн түр зогсоож, хяналт тавьж ажиллахыг, харуул хамгаалалтыг чангатгахыг, Үйлдвэрийн газрын бэлэн байдлын нөөц төлөвлөгөө боловсруулж батлахыг Үйлдвэрийн газрын Шуурхай штабын дарга, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх болон холбогдох удирдлагуудад, мөн халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайг хатуу баримтлан, эв нэгдлийг сахиж, сахилга, хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг нийт ажилтнуудад тус тус үүрэг болголоо.