Эрдэнэт үйлдвэрийн Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Залуучуудын хөгжил” сургалт боллоо

 Эрдэнэт үйлдвэр, үйл ажиллагааны үндсэн таван зорилтын нэгээр хүний нөөцийн бодлогыг тодорхойлсон байдаг. Хүний нөөцийн тогтвортой байдал нь тухайн байгууллагын амжилт ололтын тулгуур болдог учраас тус үйлдвэрийн газраас хүний хөгжлийн цогц хөтөлбөр хэрэгжүүлэн, ажилтнуудаа өсөж хөгжих боломж бүрдүүлж байна. Тус үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж буй хүний хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөрийн нэг нь залуу ажилтнаа дэмжих хөтөлбөр юм. Залуу ажилтнуудын хүсэл тэмүүлэл, зорилго, эерэг хандлага, найрсаг харилцаанд тулгуурлан манлайлал, багийн ажиллагааг идэвхжүүлж, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилготой уг хөтөлбөрийн анхны сургалт “Залуучуудын хөгжил” сэдвийн дор боллоо. Сургалтад тус хөтөлбөрт хамрагдаж буй Эрдэнэт үйлдвэрийн манлайлагч 130 залуу ажилтан оролцож байна. “Залуучуудын хөгжил” сургалт, уулзалтын зохион байгуулагчаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Сургалт хариуцсан орлогч Н.Манчук ахлагчтай, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын мэргэжилтэн О.Дөлгөөнтамир, Р.Баярсайхан, ДЦС-ын хүний нөөцийн мэргэжилтэн Э.Цагаанхүү, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Оюунчимэг, Хөгжлийн хэлтсийн Инновацийн төвийн мэргэжилтэн Ё.Мөнхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэх баг ажиллаж байна. 

 “Залуучуудын хөгжил” сургалтын агуулга, хэлбэр нь орчин цагийн сургалтын шинэлэг мэдлэг, мэдээллийг өгснөөрөө өгөөжтэй боллоо гэж оролцогчид онцлов. Тус сургалтыг боловсрол, судалгаа сургалт, залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эдүкейтэд Энтерпрайз” төв хамтран зохион байгуулж, сэтгэл судлаач, доктор Г.Наранбаатар, Т.Бямбатогтох нар “Хандлага ба харилцаа”, “Тогтвортой гэр бүлийн харилцаа”, “Хувь хүний хөгжил” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Мөн залуу ажилтнуудад санхүүгээ хэрхэн удирдаж сурах талаар “Тархины блок” номын зохиогч лектор Г.Мөнгөн мэдлэг өгч, оролцогчид багаар ажиллах чадварт суралцлаа. Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр нэг жилийн туршид хэрэгжинэ. Эрдэнэт үйлдвэрийн цаашдын ирээдүйг авч явах залуу ажилтнууд өөрсдийн хариуцсан ажил мэргэжлээс гадна хувь хүний хувьд өндөр мэдлэг, соёл төлөвшилтэй байх чадварыг энэхүү хөтөлбөрийн үр дүнд эзэмшинэ гэж зохион байгуулагчид ярьж байна.