ОБЕГ-аас Отгонтэнгэрт осолдсон уулчдын талаар хэвлэлийн бага хурал хийж байна. Отгонтэнгэрт осолдсон иргэдийн гурвынх нь сургийг гаргаагүй тул эрлийн ажиллагааг өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлүүлж байгаа билээ.
Отгонтэнгэрийг зорьсон 27 иргэнээс 10 иргэн эсэн мэнд буун 17 иргэн сураггүй алга болоод байсан юм.
Өчигдөр орой 23.00 цагт авсан мэдээгээр эсэн мэнд үлдсэн 10 иргэн Архангай аймгийн Тариат сум дээр хоноглон өнөөдөр өглөө хот руу хөдлөнө гэсэн мэдээлэл өгсөн байна.
14 иргэнийг нас барсан байдалтай олсон. Тэдний цогцсыг өчигдөр 20.58 минутад зэвсэгт хүчний 303 дугаар ангид нисдэг тэргээр тээвэрлэн авчирсан юм. Улмаар ШШҮХ-д хүргэж өгч цогцос таниулах ажлыг ар гэрийнхнийх нь оролцоотой хийж дууссан байна. Мөн дөнгөж сая нэг хүний цогцсыг оллоо гэсэн мэдээлэл ослын газраас иржээ.
Өнөөдөр 07.50 минутад эрлийн ажиллагаа эхэлж, үлдсэн гурван хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэв. Тэгвэл хэвлэлийн хурлын үеэр ослын газраас нэг иргэний цогцсыг олсон талаар мэдээллээ. Ингэснээр үлдсэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эрлийн ажиллагаа маш хүндрэлтэй нөхцөлд ороод байгаа. Газар дээрээс нь өгч байгаа мэдээллээ 200 метрийн өргөнтэй 800 метрийн урттай хадан хясааны орчмоос эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Өчигдөр буюу 24-нд олсон хүний дөрвөн цогцсыг металл хайгчийн тусламжтайгаар олсон байна. Цас хатуурч мөсөн бүрхүүл үүссэн нь эрэн хайх ажиллагааг хүндрүүлж байгаа аж.
Өнөө оройгоос эхлэн цаг уурын таагүй байдал үүснэ гэдэг мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн. Тиймээс бид өнөөдөрө эрлийн ажлаа шуурхайлан бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа.
Ослын газарт 200 гаруй албан хаагч 30 гаруй техник хэрэгсэл, хоёр нисдэг тэрэг тэнд ажиллаж байгаа хэмээн ОБЕГ-ынхан мэдэгдлээ.