Эрдэнэт үйлдвэр техник шинэчлэлийн ажлын төлөвлөгөөний дагуу хоёр экскаватор угсарч, ашиглалтад оруулна

Эрдэнэт үйлдвэрийн техник шинэчлэлийн ажлууд төлөвлөгөөний дагуу тасралтгүй үргэлжилж буйг албаны хүмүүс онцлов. Тухайлбал, Ил уурхайд ирэх 10 дугаар сарын сүүлээр ОХУ-д үйлдвэрлэгдсэн шинэ өрмийн машин хүлээж авна. Мөн хоёр экскаватор 10, 11 дүгээр саруудад захиалгын дагуу ирэх юм байна. Тус цехийн хамт олон эдгээр техникийг энэ 4 дүгээр улиралд угсарч, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уул уурхайн хүнд даацын техникүүд угсрах ажил амаргүй ч өмнө нь ЭКГ-12 экскаваторууд угсарч байсан туршлага дээрээ тулгуурлаж, 30-40 хоногт багтаан угсарч дуусгана. Ингэснээр, энэ онд хийгдэх техник шинэчлэлийн төлөвлөгөө бүрэн биелэх боломж бүрджээ. Оны эхний хагас жилд Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд Бульдозер, грейдер, ЭКГ-12К экскаватор, Liebherr автокран, Сэрээт авто ачигч зэрэг 7 нэр төрлийн 10 гаруй уулын машин техникийн хөрөнгө оруулалт хийгджээ.