“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 500 гаруй оюутан, сурагчтайгаар хичээлийн шинэ жилийг эхлүүлнэ

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль шинэ хичээлийн жилийн бэлтгэл хангаж, анги танхимын засвар болон бусад ажлуудаа төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь амжуулахаар ажиллаж байгааг тус сургуулийн Сургалт хариуцсан орлогч Н.Манчук ярилаа. Энэ жил коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дээд боловсролын сургалтууд 10 сарын 5-нд эхлэх бол мэргэжлийн сургалтын анги 9 сарын 14-ний өдрөөс хичээллэнэ. Ахлах сургуулийн хувьд 9 сарын 1-нээс танхимын сургалт эхлэхээр бэлтгэл хангагдаж байна.

2020-2021 оны хичээлийн жилд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бакалаврын ангид  65 оюутан шинээр элссэнээр нийт 370 гаруй оюутан суралцана. Бакалаврын сургалтын нэмэлт элсэлтийг энэ долоо хоногт зохион байгуулж дуусах аж. Мөн Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд Жаргалант сумаас 5 оюутан элсүүлж, тэдний  сургалтын төлбөрийг Эрдэнэт үйлдвэр бүрэн даахаар шийдвэрлэжээ.  Энэ жилээс Ахлах сургуулийн 9-р ангидаа 20 сурагч шинээр элсүүлж, 100 гаруй сурагчтай хичээллэх аж. Харин дээд боловсролын нэг жилийн ангид 50 гаруй оюутан элсүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр, тус сургуулийн хичээлийн шинэ жил нийт 500 гаруй оюутан сурагчтай эхлэх аж. Энэ хичээлийн жилээс тус сургууль бакалаврын сургалтдаа барилгын инженер, хүрээлэн буй орчны инженер гэсэн хоёр хөтөлбөр шинээр эхлүүлж байна. Уг хөтөлбөрт элссэн оюутнууд эхний нэг жил “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд суралцаад, дараагийн гурван жил ШУТИС-д энэ мэргэжлээрээ суралцах боломжтой болох юм.