Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхээр шамдаж байна

  Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн Өргөтгөлийн ажлын хэсгийн тав дахь удаагийн хуралдаан боллоо. Барилгын ажлын гүйцэтгэгчээр  “Эрдэнэт лайт” компани  ажиллаж байгаа бөгөөд  “Орхон-Од” компаниар  хүч нэмэгдүүлснээр өнгөрсөн даваа гарагаас 80 хүн барилгын ажилд оролцож байна. Үйлдвэрийн зүгээс барилгын ажлыг шуурхай явуулах бүхий л нөхцөл бололцоогоор ханган ажиллахын зэрэгцээ дүрэм журмын дагуу хяналтаа ч сулруулахгүй гэсэн байр суурьтай  байна.  

     Уг бүтээн байгуулалтын барилгын ажлын хүрээнд 19800 метр куб бетон цутгах төлөвлөгөөтэйгөөс өнөөдрийн байдлаар 350 метр куб орчмыг цутгасан байна. Гурван тээрмийн суурийн эхний шатыг өнөөдрөөс цутгаж эхэллээ. Өргөтгөлийн барилгын ажилд 100 вагон цемент шаардлагатай гэсэн  тооцоо гарчээ. Барилгын гүйцэтгэгч компани дотоодын үйлдвэрлэлээ дэмжих үүднээс “Мак”, “Хөтөл” компаниудаас цементээ авч байна. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа тасралтгүй сайн явагдах нь өргөтгөлийн ажилд  шууд хамааралтай юм. Барилгын бусад материалын хувьд ч тасалдахгүй гэж гүйцэтгэгч компаниас мэдээлж байна.   

     Энэ удаагийн хуралдаанаас Мэдээллийн технологийн хэлтэстэй хамтран барилгын ажлын талбайд орчин үеийн камер суурилуулах шийдэл гаргалаа. Энэ нь ажлын үе шат бүрийг бичиж, электрон хэлбэрээр хадгалан үлдээх  зорилготой юм. Уг камерын тусламжтайгаар барилгын ажлын явцыг үйлдвэрийн удирдлагууд өрөөнөөсөө хянах, үндсэн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Найпу” компанийнхан ч барилгын ажлын явцтай танилцаж, санаа оноогоо хэлэлцэх боломж бүрдэх юм байна.  

     Хил хаагдсанаас “Найпу” компанийн төлөөлөгчидтэй цахимаар харилцаж зураг төслөө тодруулахын зэрэгцээ ажлын явцаа мэдээлж байна. Өргөтгөлийн барилгын ажилтай үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, зураг төслийн зарим ажлууд зэрэгцэн хийгдэж байгаа юм байна.

     “2021 оны наймдугаар сард өргөтгөлийг бүрэн дуусгахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх онд  өргөтгөл ашиглалтад орох байдлаар  үр ашгаа тооцож, төсвийн өмнө хүлээх үүргээ төлөвлөсөн. Тиймээс манай зүгээс болон гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд аль аль нь богино хугацаанд өндөр хариуцлагатай ажиллаж байгаа” гэж Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн албаны инженер, Өргөтгөлийн ажлын хэсгийн нарийн бичиг Д.Баярмаа мэдээллээ.  

     Нийтдээ 125 орчим сая ам долларын өртөгтэй энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор Баяжуулах үйлдвэр хүчин чадлаа 6 сая тонноор нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.