Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд авиралт хийж байсан уулчид осолдсонтой холбоотойгоор ослын газарт ажилласан Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Тэрээр “Өчигдөр би Засгийн газрынхаа Онцгой комиссын хурлаа хийчихээд осол болсон газар руу нисч очсон. Маш эмгэнэлтэй осол болжээ. Отгонтэнгэр хайрханд очсон хүмүүс маань тав дахь өдрөө хоночихоод маргааш нь авирсан байна. Хайрханыхаа орой дээр үдээс хойш гарсан юм байна.
Ойролцоогоор 17.00 цагийн орчимд юм шиг байна. Ингээд буцаад буусан боловч арван хүн бууж ирсэн 17-нь бууж ирээгүй. Нийтдээ 20 эрэгтэй, долоон эмэгтэй байсан байна. Эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа. ОБЕГ газар бүтэн сайн өдөр 14.30 цагт анхны мэдээллээ авч шуурхай ажилласан. Эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн өдрөө 10 хүний цогцосыг олсон. Өнөөдөр дөрвийг олсон. Одоо цаана нь гурав үлдэж байна. Эрэн хайх ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд явагдаж байгаа. 3200 метрийн өндөрт энэ ажиллагаа явагдаж байгаа. Би нисдэг тэргээр хоёр удаа тойрч харсан.
Мэргэжлийн хүмүүс хавтангийн гулгалт болсон байна гэж үзсэн. Удаа дараа орсон цас наранд хайлж хавтан үүсгэдэг юм байна. Тэрхүү хавтан нь нэлээд томоороо уулчдыг авч доошоо гулссан байна. Ойролцоогоор 700 орчим метрийн өндрөөс унасан гэж дүгнээд байгаа. Тэгэхээр амь аврагдах ямар нэгэн боломж байгаагүй байна. Осол болсон газар 166 хүн ажиллаж байгаа. ОБЕГ-ын тусгай ангийн аврагчид, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймгийн аврах ангийнхан, цагдаа, зэвсэгт хүчин, шүүх шинжилгээний байгууллагынхан ажиллаж байна. Мөн сэтгэл зүйчид, эмч нарын баг ажиллаж байгаа. Түүнчлэн орон нутгийн удирдлагууд ажиллаж байна. Уг нь өнөөдөр ажлаа амжуулахаар төлөвлөж ажилласан. Гэвч нөхцөл байдал хүнд байгаа учраас болсонгүй. Эрэн хайх ажиллагааг мэргэжлийн хүмүүс хийж байгаа. Маргааш эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ” гэлээ.