Б.Бат-Энэрэл: Отгонтэнгэр амьд уул, дээшээ авирч болохгүй. Тэгвэл цас нь нурчихна...

Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрханд авирч явсан 17 уулчны арав нь амь эрсэдсэн харамсалтай явдал болж, олныг цочирдуулаад байна. Одоо сураг тасраад буй долоон уулчинг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тухайн үед буюу энэ сарын 21-нд 27 хүний бүрэлдэхүүнтэй баг Отгонтэнгэр ууланд авиралт хийж, буцаж буух үед нь цасны нуранги үүссэний улмаас 17 хүн сураггүй болж, бусад арван уулчин нь эсэн мэнд бууж ирсэн байдаг. Ингээд болсон нөхцөл байдлын талаар холбогдох хүмүүст хэл дуулгаснаар өчигдөр буюу энэ сарын 23-нд эрлийн баг, сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 10 уулчны цогцсыг 3200-3400 метрын өндрөөс олоод байна.  

Төрийн тахилагат догшин уулнаа гарсан нь амь эрсэдэхэд нөлөөлсөн гэх нэгэн ч байна. 

МУГЖ С.Батсүхийн дууг тун ч эвлэгхэн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хөөрхөн хүү Б.Бат-Энэрэл Отгонтэнгэр хайрханы тухай ийнхүү хэлж байжээ. "Нүдээ аниад л дуулахаар Отгонтэнгэр харагдана. Цас мастайгаа зун болсон ч хайлахгүй. Очирваань бурхан ингэчихсэн харж байдаг. Тэр их азтай бурхан байналээ. Отгонтэнгэр азтай болохоор бурхан нь ч гэсэн азтай. Отгонтэнгэр хайрхан чинь амьд уул. Ерөөсөө дээшээ гарч болохгүй. Тэр цас нь уначихна. Тэгсэн мөртлөө үнэн сэтгэлээсээ залбирч гуйх юм бол хүсэл нь биелдэг" хэмээн ярьж байсан нь олны дунд нэгийг бодогдуулаад байна.