Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс эхэлнэ

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлэээр хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-ээс эхлэн 50-100 хувь хөнгөлөх юм. Тодруулбал, нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Ингэхдээ 100 хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд хязгаар 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 700 квт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 1500 квт.цаг байна. Үүнээс илүү гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцохоор тогтоожээ.

Мөн энэ өвөл 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 - 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлнө. Хөдөө орон нутгийн  хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй аж.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөх гэнэ.

Мөн хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх шаардлагатай. Тэгэхээр хуримтлагдсан өр төлбөртэй хэрэглэгч 11 дүгээр сарын 1-нээс өмнө өр төлбөрөө барагдуулж, хөнгөлөлтөндөө хамрагдах юм.