УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг AEPF-ын хуралд оролцлоо

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Asia Europe People's Forum”-ын зохион байгуулсан “Ковид-19-н үе дэх дэвшилтэт бодлого" онлайн хуралд  Монгол Улсаа төлөөлөн оролцжээ. Тэрбээр "Ковид-19 цар тахлыг даван туулах нь: Монгол улсын жишээн дээр” сэдвээр илтгэл тавьсан байна.

Тус форумд Ази, Европын улсуудын парламентын гишүүд оролцсон бөгөөд  улс орон, бүс нутагтаа цар тахлын үеэр авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний талаар илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулсан аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Монгол улс бол дотооддоо халдвар алдаагүй дэлхийн ганц улс. Цар тахлын нас баралтгүй дэлхийн 11 улсын нэг гэдгээр улс орнуудын анхаарлыг ихэд татаж байгаа юм. Мөн цар тахлын нөхцөлд парламентын болон орон нутгийн сонгуулиудаа цаг хугацаанд нь амжилттай зохион байгуулсан учраас бусад улс орнуудын хувьд жишиг болж сайшаагдаж байна" хэмээн цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр УИХ дахь Монгол-Европын холбооны парламентын бүлгийн даргаар ажилладаг юм.

З.Хүслэн