УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын сонгуулийн 24 тойрог, Сүхбаатар дүүрэгт МАН-аас сонгогдсон Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж байна. Уулзалт 2020 оны аравдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 1-20 дугаар хорооны иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсох юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг эдгээр өдрүүдэд нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ш.Батбаяр болон Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороонд нэр дэвшигч П.Оюунболд, Ж.Энхзаяа нарын хамт тус хороодод ажиллаж, иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр эрхэм гишүүн батлагдсан хууль тогтоомжийг танилцуулж, дүүргийн иргэдийнхээ тулгамдсан асуудлуудыг сонсов.

Уулзалтын үеэр Ц.Мөнхцэцэг гишүүн "Сүхбаатар дүүргийн иргэдийнхээ тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Их хурлаас баталсан “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан олон бүтээн байгуулалт, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр Монгол Улсын 2021 оны Төсвийн төсөлд саналаа хүргүүлж, тусгууллаа. Нэн ялангуяа сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, явган хүний зам, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай болон олон улсын стандартад нийцсэн дүүргийн иргэдэд тэгш хүртээмжтэй, эрүүл амьдралын хэв маягийг бий болгох, хүний бие махбод, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй орчинг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй амралт, чөлөөт цагийн цогцолбор барьж байгуулах зэрэг ажлыг шат дараатай хийхээр төлөвлөж, төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгуулахаар ажиллаж байна.  Сүхбаатар дүүрэгт сургууль, цэцэрлэг, авто зам, гүний худаг, гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалт, орчны тохижилтыг сайжруулах, автобусны буудал нэмж барих зэрэг олон тулгамдсан асуудал бий. Эдгээр асуудлуудыг шат дараатай шийдвэрлэхээр төсвийн төсөлд мөн саналаа өгч, тусгуулсан. Манай дүүрэгт өнгөрсөн жилүүдэд эхлүүлээд орхисон сургууль, цэцэрлэгээс гадна эрүүл мэндийн амбулаторийн төв, залуусын хөгжлийн төв, спорт цогцолборын барилга зэрэг царцсан барилгууд нэлээд бий. Үүнийг үргэлжлүүлэх төсвийг шаардах, гүйцэтгэлд хяналт тавих чиглэлээр дүүргийнхээ хурлын төлөөлөгчидтэйгөө нягт хамтарч ажиллана. Иймд УИХ-ын сонгуульд МАН-д итгэл хүлээлгэсний адил орон нутгийн сонгуульд нийслэл болон дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдээ багаар нь дэмжиж, бодлого, шийдвэрийг улс төржүүлэхгүй нэгэн сэтгэлээр явуулах боломжийг бүрдүүлж өгөхийг та бүхнээс хүсч байна" гэдгийг онцлоод, нэр дэвшигчдэд амжилт хүссэн юм.

Шинэ парламент бүрэлдээд даруй 100 хоногийг үджээ.  Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр ажилладаг бөгөөд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах, авлигаас ангид засаглалыг бий болгох, нийгмийн болон цахим орчинд хүний эрх, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр нэлээд ажлыг өрнүүлж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж буй. 

Мөн тэрбээр Спортыг дэмжих лобби бүлэг байгуулан эрүүл амьдралын зохистой хэв маяг, дадлыг бий болгох нийтийн биеийн тамир болон мэргэжлийн спортыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

З.Хүслэн