Л.Зэндмаа: Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 5 хувийг давбал нэмж 600 ор дэлгэхээр бэлдсэн

НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн үед авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцууллаа.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд 75,490 амбулаторийн үзлэг хийгдсэнээс 4.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Энэ талаар НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа  "Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 70 орчим хувийг 0-4 насны хүүхэд байгаа бол түргэн тусламжийн дуудлагын 30-33 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлжээ.

Орны ачаалал одоохондоо харьцангуй гайгүй байна. Өнөөдрийн байдлаар 1,814 хүн эмчлэгдэж байгаагийн 37.6 хувь нь хүүхдүүд байгаа. Тэдгээр хүүхдүүдийн 50 орчим хувь нь амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн гурван жилийн байдлаас харвал томуугийн өвчлөл аравдугаар сард идэвхжээд, арванхоёр, нэгдүгээр сард дэгдэлт хэлбэрээр гарч байгаа.

Тиймээс амбулаторийн үзлэгт эзлэх хувь, орны ачаалал, түргэн тусламжийн дуудлагад эзлэх хувь зэргийг харгалзан төлөвлөлт хийдэг. Одоогоор нийслэлд хүүхдийн 1,120 ор байгаа бөгөөд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 5 хүртэлх хувьтай байхад эдгээр орондоо ачааллаа аваад явж болно. Харин үүнээс ихэссэн тохиолдолд нэмж 600 орыг дэлгэхээр бэлэн байдлаа хангачихсан байгаа.

Томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт эзлэх хувь нэмэгдээд ирвэл,

ДЭМТ-үүдийн Хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар ажиллуулах,

ӨЭМТ-үүдийн нийт үзлэгийн 60 орчим хувийг гэрийн эргэлтэд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Мөн ЭМЯ-наас хүүхдийн өвчлөлийг хүндрэхээс сэргийлж өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан гэрийн эмчилгээг үнэгүй хийх ажлыг зохион байгуулна. Энэ хүрээнд 10 төрлийн эмээр хангаад, зорилтот бүлгийн хүүхдүүдийг гэрт нь эмчлэх ажлыг хийж, 12,000 хүүхдийг хамруулахаар бэлтгэж байгаа.

Дархлаажуулалтын 10 хоногийн эхний хоёр хоногт цэцэрлэгийн насны 33,600 хүүхдэд вакцин хийгээд байна. Энэ долоо хоногоос эхлэн сургуулийн насны хүүхдүүдийг дархлаажуулна" гэлээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс эхлээд дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгуудад ЭХЭМҮТ-ийн нэг эмч, хоёр сувилагч ажиллаж, ажлын байран дээр мэргэжил арга зүйн дэмждэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна.