ЭМД-ын эрсдлийн сангаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгох санал гаргав

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид тус зөвлөлийн дарга болон гишүүнээр Засгийн газрын гишүүдийг томилох нь зохимжгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсдэг" гэв.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэх саналтай байгаагаа тэмдэглээд, боломжтой байгаа энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахыг Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдох албан тушаалтнуудаас хүслээ.

ЭМД-ын үндэсний зөвлөлийн даргаар Засгийн газрын гишүүн Т.Мөнхсайханыг томилохыг дэмжлээ

Ийнхүү хэлэлцээд С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 88.9 хувийн саналаар дэмжлээ.

Мөн Засгийн газрын гишүүн А.Ариунзаяа, Т.Мөнхсайхан нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 77.8 хувийн саналаар, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Засгийн газрын гишүүн Т.Мөнхсайханыг томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 88.9 хувийн саналаар дэмжив.  

Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулахаар боллоо.