“Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулж өглөө

Холбооны "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар, Оросын шинжлэх ухаан соёлын төвд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, өдгөө 98 настай, Монгол Улсын иргэн Сүрэнхорлоогийн Цэгмидийг Оросын Холбооны Улсын төрийн дээд шагнал "Бүх ард түмнүүдийн найрамдлын одон"-гоор шагнах ёслол өнөөдөр боллоо.

Шагналыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Азизов И.К. гардуулсан юм. 

Дэлхийн II дайны үед Эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлэглэлийг фронтод, Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг Ялалтын баярын 75 жилийн түүхт ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Ард түмнүүдийн хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж, Төрийн дээд шагнал "Бүх ард түмнүүдийн найрамдлын одон"-гоор шагнах" зарлигийг 2020 оны тавдугаар сарын 06-ны өдөр гаргасан байдаг. 

Гэвч цар тахлын хөл хорио, хоёр улс хоорондын хил хаалттайн улмаас төрийн дээд шагналыг Монгол Улс уруу авчрах боломжгүй байсан юм. 

"Бүх ард түмнүүдийн найрамдлын одон"-г ОХУ-ын иргэд, мөн гадаад улс орны иргэдэд Энх тайван, найрамдал, хамтын ажиллагаа, ард түмнүүдийн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж гардуулдаг. 

ОХУ-ын төрийн дээд шагнал энэхүү одонг нийт 1,212 хүнд гардуулсан бол дэлхийн 13 орноос (ТУХН-ийг эс тооцвол) гадаадын 40 иргэн энэ одонгоор шагнагджээ.