Нүүрсний ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлэхгүй

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс ирүүлсэн орон нутгийн нүүрсний ачаа тээврийн тарифыг 9 хувиар нэмэгдүүлэх саналыг ШӨХТГ-ын хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжих боломжгүй гэж шийдвэрлэлээ.

2020 оны эхний 5 сарын байдлаар тус байгууллагын төлөвлөсөн орлогын хэмжээ 19,4 тэрбум төгрөгөөр тасарсан. Жилийн эцэст 14 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа талаар хуралдаанд оролцсон "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн төлөөлөл ярьж байлаа. Тийм учраас ачаа тээврийн алдагдлаа багасгаж чадвал зүтгүүрийн тоогоо нэмэгдүүлж, төв замын 110 км-т яаралтай нэн яаралтай хийх шаардлагатай байгаа засварын ажлаа дуусгахаар зорьж байгаа гэлээ. ШӨХТГ-ын 3-р хуралдаанд оролцсон гишүүд нүүрсний тээврийн үнэ тарифыг 1 хувиар индексжүүлэхэд л дулааны цахилгаан станцуудын хэрэглэж байгаа нүүрсний тээврийн зардал 500 сая орчим төгрөгөөр нэмэгдэж, хэрэглэгчдэд худалдах цахилгааны үнийг нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Иймд дэлхий нийтэд өндөр хурдацтай тархаж байгаа “COVID-19”-ын тархалтын үед улс орны эдийн засгийн хямрал, хэрэглэгчдийн худалдан авах чадвар сул байгаа тул орон нутгийн нүүрс тээврийн тарифыг нэмэгдүүлэх саналыг дэмжих боломжгүй гэж шийдвэрлэлээ.