“Е-Мongolia” цахим хуудсанд ТЕГ 34 үйлчилгээгээ нэвтрүүллээ

Татварын ерөнхий газрын удирдлагууд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудтай уулзаж цаашид төрд байгаа мэдээллийг иргэд авах боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож, иргэдийг төрийн үйлчилгээ авахад хялбар болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад нэгдсэн бодлогоор дэмжин хамтран ажиллахаар болсон байна.

Цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “Е-Мongolia” цонхонд нэгтгэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Мөн шүүх, прокурор, УИХ-аас байгуулдаг төрийн байгууллага, томилдог албан тушаалтнуудад зөвлөсөн юм. Төрийн 10 байгууллагын 52 үйлчилгээг нэгтгэн, мобайл аппликейшн болон вэб портал хэлбэрээр ашиглаж эхлээд байсан энэхүү нэгдсэн системд төрийн байгууллагууд нэгдсээр байна. Тухайлбал, Татварын ерөнхий газар төрийн үйлчилгээний нэг цонх болох “Е-Мongolia”-д 34 үйлчилгээ байршуулжээ.