487.6 мянган тонн улаанбуудай, 237 мянган тонн төмс хураах төлөвтэй байна

Улсын ургацын комиссоос 2020 оны ургацын урьдчилсан мэдээллийг танилцууллаа. Тус комиссын дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Урьдчилсан дүнгээр 513 мянган тонн үр тариа, 487.6 мянган тонн улаанбуудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн урьдчилсан төлөв гарсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад улаанбуудай 80 мянга, төмс 46.2, хүнсний ногоо 19 мянган тоноор илүү байх төлөвтэй байна. Манай улс гурилынхаа дотоодын хэрэглээг хангахад 306 мянган тонн улаанбуудай шаардлагатай. Урьдчилсан блансаас харахад энэ хэрэглээгээ бүрэн хангах хэмжээний улаанбуудай хурааж авахаар байна" гэлээ.

Ургац хураалтын ажлыг 20-26 хоногт багтаан зохион байгуулах боломжтой гэж үзэн техник хэрэгслийнхээ бэлэн байдлыг хангаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас үр тариа хураах зориулалттай 30 комбайн, Беларусь улсаас төмс хураах зориулалттай 50 трактор, 30 төмс ухагч, гурван төмсний комбайныг ойрын үед нийлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.