Н.Ариунсайхан: Би 21 насандаа анхны хүүхдээ төрүүлсэн

"Аархал" нэртэй фэйсбүүк хуудаст энэ сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн одон авсан Н.Ариунсайхан гэх бүсгүйн зургийг "23 настай алдарт эх" хэмээн худал мэдээлсний улмаас нэр хүндэд нь халдах явдал газар авав. Зарим нь түүнийг насанд хүрээгүй байхдаа хүүхэд төрүүлсэн, ганц бие ээж зэргээр бичжээ. 

Тэгвэл бүсгүй 23 бус 30 настай бөгөөд анхны хүүхдээ 21 настайдаа төрүүлжээ. Энэ талаар Н.Ариунсайханаас тодруулахад "Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд Сэлэнгэ аймгаас бэр болж ирж байлаа. Одоо хань, дөрвөн үрийнхээ хамт сумандаа сайхан амьдарч байна. Миний хань намайг бүх талаар дэмжиж, маш сайн ойлгодог. Би сумандаа хувиараа бэйкери ажиллуулахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх, хүүхдүүд баярлуулах зэргээр олон нийтийн болон сайн дурын үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцдог.  Бас нэг зүйл хэлэхэд, алдарт эхийн одон бол сексдсэний төлөө авдаг шагнал биш юм. Эмэгтэй хүн аминаасаа амь тасалж, хүн төрүүлж, эрүүл саруул өсгөснийхөө төлөө авдаг шагнал. Дөрвийн дөрвөн хүүхдийг зүгээр сууж байгаад өсгөчихдөг юм биш ээ. Ажиллаж, хөдөлмөрлөж, үр хүүхдээ ойлгож мэдэрч маш их хариуцлага үүрч өсгөдөг зүйл. Хүмүүс намайг ганц бие ээж, хүүхдүүд нь өөр өөр эцэгтэй гэж хүртэл бичсэн байсан. Хүн үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ үнэн бодит мэдээлэлд үндэслэж, бусдын эрхийг хүндэтгэж илэрхийлэх хэрэгтэй. Миний төдийгүй хань, үр хүүхэд, гэр бүлийн минь нэр төрд халдсан учраас би Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар гомдол гаргана" гэлээ.

Дээрх мэдээлэл гарсны дараа тэрбээр хэсэг хугацаанд эмзэглэж, сэтгэлээр унасан гэдгээ ч хэлсэн юм. Н.Ариунсайханы нэр хүндэд халдсан асуудалтай холбогдуулан Ханбогд сумын Эмэгтэйчүүдийн холбооноос хуулийн байгууллагад гомдол гаргана гэдгээ мэдэгджээ.

Энэ талаар  "Оюуны өргөө Ханбогд" ТББ-ын захирал С.Сандагсүрэн "Н.Ариунсайхан бол манай сумын мундаг дайчин, өрх гэрээ сайхан авч явдаг үлгэр жишээ гэргий, манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл. Бид хамтдаа олон нийтийн олон сайхан ажилд гар бие оролцож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдээ дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж, оролцдог. Дөрвөн сайхан хүүхэд төрүүлээд төрийн одон шагнал аваад баярлах ёстой үйл явдлыг нь гунигаар сольж, нэр хүндэд халдаж, худлаа мэдээлэл тарааж, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэнэ гэдэг өөрөө хүний эрхийн ноцтой зөрчил. Тиймээс бид хуулийн хүрээнд асуудалд хандаж, цаашлаад цахим орчны ёс зүйгүй үйлдэлд өөрчлөлт хийх ёстой гэдэг байр суурьтай байгаа" гэлээ.