Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу ирэх есдүгээр сард гарна

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг уламжлалтай. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн, үзүүр түрүүнд үлдсэн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг ирэх есдүгээр сарын эхээр зарлагдах нь.

Өндөр хараа хяналт, хамгаалалтын дор явагддаг  бөхчүүдээс авсан шинжилгээний сорьцыг БНСУ-ын олон улсын магадлан итгэмжлэгдсэн лаборатори руу илгээн тэндээ шинжилж хариуг нь наймдугаар сардаа багтаан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд илгээдэг аж. Гэвч энэ жилийн хувьд БНСУ-д цар тахлын халдвар дотоодод нь ихээр тархсан тул шинжилгээний лабораторийн ачаалал нь ихэсч үндэсний их баяр наадамд шөвгөрсөн болон үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг ирэх есдүгээр сарын эхээр илгээхээр болжээ.