Саруул хотхоны байранд гал гарч, хоёр хүн амиа алдсан хэргийг шалгаж байна

Саруул хотхонд өчигдөр гал гарсан байрнаас эмэгтэй хүний хүлээтэй цогцос олдсон. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгөв. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Наймдугаар сарын 3-ны өдрийн 21.48 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийн байрнаас гал гарч, цонхоор хүн унаж нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Хэргийн газар дээр прокурор оролцуулан үзлэг хийсэн. Үзлэгээр гал гарсан айлд 46 настай эмэгтэй нас барсан, 23 настай эрэгтэй өндрөөс унаж нас барсан байдалтай хэрэг бүртгэгдсэн. Дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна.

Хэргийн газрын үзлэгээр нарийн зүйлүүд тогтоогдоно. 46 настай эмэгтэйн тухайд гаднын нөлөөтэй амь нас нь хохирсон. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна. Хэрэг эцэслэн шалгаж дуусаагүй байхад худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг цагдаагийн байгууллагаас хүсэж байна” гэлээ.

Тэрээр үргэлжлүүлэн талийгаач реппер Orice-н хэргийн талаар гаргасан мэдээлэлд тайлбар өгөв. "Цагдаагийн байгууллагаас буруу ташаа мэдээлэлд залруулга хийж мэдээлэл өгсөн. Яагаад гэвэл хэрэг гарсны дараа олон нийтийн сүлжээгээр амь хохирогчийн тухай хэргийн бодит үнэнээс өөр ташаа мэдээлэл гарсан. Иймд хүний амь нас хохирсон хэрэг үйлдэгдсэн, шалгалтын ажиллагаа явагдаж байна гэх мэдээллийг өгсөн. Хэргийн талаар ташаа мэдээлэл гарах нь хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулдаг. Хэргийн тухайд эрүүгийн хэрэг үүсч, шалгалтынх ажил үргэлжилж байна. Талийгчийн ар гэрийнхний хэлсэн асуудлууд шалгагдаж байгаа. Хохирогчийг амиа хорлох байдалд оруулсан хүргэсэн асуудлаар холбогдогч этгээдийг мөрдөн шалгаж байна" гэсэн юм.