Б.Батзориг гэм буруугаа хүлээсэн учир 40 сая төгрөгөөр торголоо

УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.

Шүүхийн шатанд яллагдагч Б.Батзориг гэм буруугаа хүлээж, прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан билээ.