Энэ сарын 22-ноос хойш Казахстан улс руу тусгай нислэг үйлдэнэ

УИХ-ын гишүүн Т.Аубакир Казахстан улсаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах асуудлаар өнөөдөр Шадар сайд Я.Содбаатартай уулзжээ. Энэ үеэр Шадар сайд энэ сарын 22-ноос Казахстан улс руу тусгай үүргийн нислэг үйлдэх болсныг мэдэгдсэн байна. 

Казахстан, Орос улсуудын хувьд өдөр ирэх бүр өвчлөл ихсэж, нөхцөл байдал хүнд байгаа учир тус улсуудаас иргэдээ авчрахаасаа өмнө эрчимт эмчилгээний орны хүрэлцээ, эмчлэх нөөц бололцоог сайтар бэлдэх хэрэгцээ шаардлагатай талаар ДЭМБ-аас ЭМЯ, УОК-т зөвлөж байгаа учир ийнхүү татан авах ажиллагаа түр удаашраад байгаа гэж Шадар сайд хэлжээ. 

Казахстан улсад манай улсын 1100 гаруй иргэн нутаг буцах өргөдлөө өгөөд байгаа бөгөөд тэд өнгөрсөн гуравдугаар сараас хойш тэнд гацаад буй юм.