Хятадын талаас 30 мянган толгой хонийг амьдаар авах хүсэлт гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улс БНХАУ-д 30,000 толгой хониор хандив өргөж буйг мэдэгдсэн. Тэгвэл Хятадын талаас эдгээр хонийг амьдаар нь авах хүсэлт тавьсан бөгөөд үүн дагуу манай талаас тодорхой хуваарийн дагуу хэсэгчлэн хувааж шилжүүлэн өгөхөөр болжээ. 

Энэ талаар "Ерөнхийлөгч Хятадын ажлын айлчлал хийж ирсний дараа бид Хятадын талтай зөвшилцсөн. 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг халдварт өвчний нөхцөл байдал намжсаны дараа мөн мал тарга авсны дараа зохион байгуулахаар тохиролцсон. Одоо бид 30 мянган толгой хонийг цуглуулах, хорио цээрийн дэглэмийг хангуулах ажлыг хийж байна. Хүнс хөдөө аж ахуйн сайд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулсан. Болж өгвөл есдүгээр сард багтаан эхний ээлжийн хонийг шилжүүлнэ хэмээн төлөвлөж байна. Хятадын талаас тавьсан санал хүсэлтийн дагуу мөн 30 мянган толгой хонийг амьдаар нь хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Тодорхой хуваарийн дагуу шилжүүлэн өгнө" гэж Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг хэллээ.