Коронавирусийн 25 вакцин эмнэлзүйн туршилтын шатанд буйн найм нь БНХАУ-ынх

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа "ДЭМБ-аас долоодугаар сарын 24-ний өдрийн байдлаар коронавирусийн халдварын эсрэг 166 судалгаа хийж байгаагаас  141 эмнэлзүйн өмнөх шатны судалгаа буюу амьтанд хийх туршилтын шатандаа байгаа бол 25 нэр төрлийн вакцин эмнэлзүйн туршилтын шатандаа байна. Дээрх 25 вакцинаас зургаа нь эмнэлзүйн сүүлчийн шат буюу гуравдугаар шатны туршилтын судалгааны ажил ид хийгдэж байна.

Тэдгээрээс нэгдүгээрт, БНХАУ-ын “Синавак” группийн хөгжүүлж буй идэвхгүйжүүлсэн “Coronavac” нэршлийн вакцин. Хоёрдугаарт, БНХАУ-ын “Синафрам” группийн Уханийн Биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй хамтран хөгжүүлж буй идэвхгүйжүүлсэн вакцин. Гуравдугаарт, мөн БНХАУ-ын “Синафарм” группийн Бээжингийн Биотехнологийн хүрээлэнтэй хамтран хөгжүүлж байгаа идэвхгүйжүүлсэн вакцин. Дөрөвдүгээрт, Их Британийн Оксфордын их сургууль болон Астразенека биотехнологийн компанийн хамтран гаргаж буй вакцин.

Тавдугаарт, мөн БНХАУ-ын хөгжүүлж буй вакцин байгаа бол зургаадугаарт АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн санхүүжүүлсэн тус улсын “Модерна” компанийн хөгжүүлж буй шинэ коронавирусийн уургийн тогтворжсон хэлбэрийг агуулсан вакцин юм. Энэ вакцин нь долоодугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гурав дахь шатны буюу эмнэлзүйн туршилт судалгаагаа эхэлж байна.

Бусад вакцины эмнэлзүйн нэг, хоёрдугаар шатны судалгааны ажил явагдаж байна. Вакцин бүтээх ажил нь эмнэлзүйн шатны судалгааны түвшинд явж буй 25 лабораторийг улс орноор нь ангилж танилцуулбал, БНХАУ-ын найм, АНУ-ын тав, Их Британи, ХБНГУ, Австрали, Энэтхэг тус бүр хоёр, Япон, БНСУ, ОХУ, Канад улс тус бүр нэг вакцин хөгжүүлж байна.

Вакцин бол эрүүл хүмүүст хийж хэрэглэдэг өвөрмөц бэлдмэл юм. Тиймээс аюулгүй байдал, үр дүнг гурван шатны судалгаагаар нотолсны дараа хүмүүст хэрэглэдэг" гэв.