Дипломат төлөөлөгчийн газрууд гадаадад гацсан иргэдийн визийн асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн

Гадаад харилцааны яамнаас цаг үеийн байдлаар болон хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар мэдээлэл өгөх “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал хийлээ. 

Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар: Яамны шинэ удирдлага юуны түрүүнд цар тахлын асуудлаар болон гадаадад гацсан иргэдийн асуудлаар идэвхтэй ажиллаж байна. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван дэлхийн 55 орны удирдагч нарт ноот бичиг илгээсэн. Тус ноот бичигт гадаадад гацсан иргэдийн визийн сунгалт болон санхүү эрүүл мэндийн хувьд хүнд байдалд орсон Монголын иргэдэд туслалцаа үзүүлэхийг хүссэн. Энэ хүнд нөхцөлд иргэдийнхээ төлөө санаа зовсон ийм ажил боллоо. Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагуудад хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтүүдийг хүлээн авч хамтарч ажиллаж байна. Мөн Гадаад харилцааны сайд манай улсаас гадаадад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газруудад үүрэг даалгавар өгсөн. Цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан дипломат төлөөлөгчийн газрууд мөн адил 24 цаг бэлэн байдалд байхыг үүрэгдсэн. Мөн гадаадад гацсан иргэдийн виз болон оршин суух эрхийн асуудлаар холбогдох байгууллагатай холбогдон шийдвэрлэх үүрэг даалгаврыг мөн өгсөн. Мөн визийн хугацаа хэтэрсний улмаас монгол иргэд торгууль төлөх нөхцөл байдалд орсон. Энэ асуудлыг торгууль төлөхгүй байхаар шийдвэрлэх үүрэг өглөө. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван иргэн бүрт хүрч ажиллах үүрэг даалгавар өгсөн. Цар тахалтай холбогдуулан бид гадны орнуудтай хамтын ажиллагаагаа улам их бэхжүүлэх шаардлага гарч байна. 

Ази Номхон далайн орнуудын захирал Э.Сарантогос "Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа хүлээн авсны дараа Ази Номхон далайн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзсан. Хэдийгээр танилцах уулзалт байсан ч эдийн засаг хамтын ажиллагаа зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал Япон улс ойр дотны харилцаатай зарим улс орнуудад хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг судалж байгаа. Эдгээр орнуудын тоонд манай улс багтсан. Япон улс Азийн 10 улстай агаарын хилээ нээх горимд шилжих яриа хэлэлцээг эхлүүлж байна. Эдгээр орнуудын тоонд Монгол Улс багтсан. Энэ онд Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоосны 65, Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнүүдийг оны сүүлээр хийнэ. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Элчин сайдуудтай хийх уулзалтаа ирэх долоо хоногоос үргэлжлүүлнэ" гэв.