Европын холбоо эдийн засгаа аврах түүхэн хэлэлцээрт хүрлээ

Европын холбооны улс орнуудын тэргүүнүүд тав хоног хуралдсаны эцэст 2021-2027 онд коронавирусийн цар тахлын дараах эдийн засгийг сэргээн босгох 750 тэрбум еврогийн сан байгуулах түүхэн хэлэлцээрт хүрлээ. 

Энэ талаар Евро зөвлөлийн тэргүүн Шарль Мишель Брюссель хотноо болсон дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдсэн байна. 

"Бид хийж чадлаа. Бид эдийн засгаа сэргээх санд хөрөнгө оруулах хэлэлцээрт хүрч чадлаа. Энэ бол үгээр хэлэхийн аргагүй хүнд хэлэлцээр байлаа. Гэхдээ маш сайн бас хүчтэй шийдвэр болсон" хэмээн Мишель мэдэгджээ.

Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон "Европын хувьд түүхэн өдөр тохиолоо" хэмээн Твиттертээ бичсэн байна. 

750 тэрбум еврогийн сан

Дээд хэмжээний уулзалтын хүрээнд "Шинэ эриний Европын холбоо" нэртэй эдийн засгаа аврах 750 тэрбум еврогийн сан байгуулахаар боллоо. Энэ мөнгийг Европын комисс зээл болон буцалтгүй тусламж хэлбэрээр 2026 он хүртэл олгох бөгөөд 2058 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл эргэн төлөх нөхцөлтэй байх гэнэ. 

Европын холбооны улс орнуудад 390 тэрбум еврог буцалтгүй тусламж хэлбэрээр, 360 тэрбумыг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох аж. Буцалтгүй тусламжийг 2023 оныг дуустал олгох юм байна.