Турк улсад буй монгол иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсчээ

Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай утсаар ярьж, Гадаад харилцааны сайдын албанд томилогдсонд нь баяр хүргэсэн байна.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавируст цар тахлын хөл хорионы улмаас нутаг буцах боломжгүй болсон Турк Улсад буй монгол иргэдэд Туркийн Засгийн газраас шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Сайд  нар эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцсон байна. Мөн эдгээр асуудлыг Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцэхээр тохирсон хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.